УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцохдоо шат шатны шүүгчид авлигад "идэгдсэн", хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн ярьсан юм. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын нэр хүнд, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уг мэдээллийг түгээсэн арга, хэлбэрээр уучлалт гуйхыг сануулсан албан бичиг илгээсэн юм.

Тэгвэл Х.Нямбаатар өөрийнхөө хэлсэн зүйлийг ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй учраас уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж хариу бичиг илгээсэн байна. Тэрбээр шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, АТГ, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдсэн байна