Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв болон “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо" хамтран "Авто тээврийн салбарын хог хаягдал-шийдэл" сэдвээр өнгөрсөн баасан гарагт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын дарга С.Батболд "Автотээврийн салбар нь ачаа тээврийн 50 орчим хувийг, зорчигч тээрийн 98 хувийг дангаараа гүйцэтгэж байна. Судалгаанаас үзэхэд манай улсад 800 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэл, орон нутагт 600 мянган тээврийн хэрэгсэл тогтмол хөдөлгөөнд оролцдог. Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн гарч буй хог хаягдал нь хүрээлэн байгаа орчинд ихээхэн хор хохирол учруулж байна. Манай авто тээврийн салбар хөгжихийн хажуугаар тухайн салбараас гарч буй хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлж байгаа хор нөлөөллийг багасгах, хэрхэн дахин боловсруулах болон устгах талаар хэлэлцэхээр өнөөдөр энд цуглаад байна" гэв.

Тус хэлэлцүүлэг нь авто тээврийн салбарын хог хаягдлыг бууруулах, менежментийг сайжруулах, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.