Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсын өндөр дээд албан хаагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газартай цөмийн зэвсэг, түүний хөгжүүлэлтийн талаар ярилцахаас татгалзаж буйгаа мэдэгдлээ. 

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны Хойд Солонгос болон Америкийн асуудал эрхлэх албаны дарга Чой Сон Хуй Москвад айлчлах үеэрээ сэтгүүлч нарын асуултад хариу өгчээ. Тэрбээр ОХУ-ын нийслэлд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар хуралдсан юм. 

Хатагтай Чой Хойд Солонгос тусгаар тогтнолоо хамгаалахаар цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа. Үүний эсрэг ямар ч яриа, хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр “Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй байсных нь төлөө хориг арга хэмжээ авч дарамталж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ талаар ярилцахгүй” хэмээв. 

АНУ тэргүүтэй улс орнууд цэргийн хүчээр айлгаж байхад цөмийн зэвсэгтэй байхаас өөр аргагүй гэж хатагтай Чой мэдэгджээ.