ХОНКОНГ. /TASS/. Хонконгийн Ван Чай дүүрэгт оршдог Цагдаагийн ерөнхий газрыг бүслэн хаасан жагсагчид пүрэв гарагийн өглөө тарцгаасан тухай радио, телевизийн RTHK компани мэдээлжээ.


Мянга орчим жагсагч лхагва гарагийн орой Хонконгийн цагдаагийн төв байрыг бүслэн хааж, өмнө нь зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагааны үеэр баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардсан байна. 

Жагсагчид  ажиглалтын камерууд дээр наалддаг туузнууд нааж, байшингийн ханан дээр граффити зураг зуржээ. Одоогоор хотын байдал тайван байна. Гэсэн хэдий ч жагсагчид өдөр Хууль зүйн яамны дэргэд дахин жагсахаар төлөвлөж байгаа аж.


Лхагва гарагт хэдэн зуун идэвхтнүүд “Их 20”-ийн бүлгийн орнуудын Ерөнхий консулын газруудын өмнө жагссан байна.

Тэд Японы Осака хотод “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болохын өмнө Хятадын засаг захиргааны тусгай бүсийн нөхцөл байдалд олон улсын анхаарлыг татах зорилгоор жагсжээ. Жагсагчид Хонконгийн хямралд анхаарлаа хандуулахыг уриалсан өргөх бичгүүдийг гадаадын дипломатуудад өгсөн байна. Сэжигтнийг БНХАУ-д шилжүүлэн өгөх тухай маргаан дагуулсан хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн олныг хамарсан жагсаал Хонконгт болсон билээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг