УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун бүсийн захирал, доктор Шин Ян-су тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр доктор Шин Ян-су "Танай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, 2020 он гэхэд элэгний С вирусыг устгах бүрэн бололцоотой. Энэ хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадвал бүс нутагтаа төдийгүй дэлхийд сайн жишгийг үзүүлсэн орон болно. Түүнчлэн Монгол Улс өмөн үү, зүрх судасны эмгэгээс болсон нас баралтын шалтгаан, үзүүлэлт өндөр байгаа. Энэ бүхэн хүн ам нь нэг газар олноор амьдардаг учир агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдолтой холбоотой. Энэ асуудал санааг минь зовоож байна. Иймд УИХ-ын гишүүд та бүхэн хүн амаа амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шинэ бодлого, шинэ гаргалгаа, гарц гаргаж ажиллахыг хүсч байна" гэв.