Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу  2018 оны ДАШТ-ий 62 дахь тоглолт буюу хагас шигшээд Англи-Хорватын шигшээ багуудын халз тулаан ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.12/ шөнийн 02 цагт эхэлж, Хорватууд 2:1-ээр Английн шигшээг хожиж дэлхийн аваргын төлөө Францын шигшээтэй тоглохоор шалгарлаа.

Энэ тоглолтын эхний хагасын  5 дахь минутад торгуулийн цохилтоор Киран Триппьер Хорватын хаалганд гоол хийснээр тоглолтыг англичууд манлайлж эхэлсэн бөгөөд тэд 45 минутын туршид хорватчуудыг сандаргасан олон довтолгоо, цохилтуудыг хийсэн боловч гоол оруулж ялалтаа бататгаж чадаагүй юм.

Харин хоёр дахь хагасын 68 дахь минутад Иван Перишич мөргөж тэнцээний гоолыг оруулснаар хорватууд тоглолтын санаачлагыг гартаа авч олон довтолгоог хийж эхэлсэн ч аль аль нь гоол хийж амжилгүй үндсэн цаг дууссан. Улмаар Хорватын шигшээ баг, ДАШТ-д анх удаа гурав дараалан тэнцсэн тохиолдлын эзэд болж 3 дахь нэмэлт 30 минутын тоглолтыг Английн шигшээтэй хийхээр болсон юм.

Ингээд нэмэлт цагийн 109 дахь минутад Марио Манджукич шийдвэрлэх чухал гоол оруулж, англичууд 2:1-ээр хожигдож эхэлсэн. Энэ үеэс англичууд 10-уулаа тоглосон бөгөөд хорватууд тэдэнд ямар ч боломж олгохгүй байсаар цаг өндөрлөсөн юм.

Ийнхүү энэ сарын 15-нд буюу ирэх ням гарагт Хорватын шигшээ баг анх удаагаа Дэлхийн аваргын алтан цомын төлөө Францын шигшээ багтай Москва хотноо Лужник цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор болж байна. Энэ өдөр хөлбөмбөгийн түүхэнд шинэ дэлхийн аварга улс төрөх эсэхийг хорватчууд шийдэх юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг