"Гэр хороолол" хөдөлгөөнийнхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, майхан барин суулт зарлаад байна.

Тэд "Нэг хашааны газар 100 айлын орон сууц болж үрждэг бизнесийг улстөрчид, эрх мэдэлтнүүд БИШ газрын эзэд өөрсдөө хийхийг хүсэж байна. Үүнийг УИХ, Засгийн газар, хотын даргаас удаа дараа шаардаж, “ГЭР ХОРООЛОЛ ХӨДӨЛГӨӨН” жагссаар ирлээ. Гэвч дарга нар гэр хорооллынхныг дорд үзсээр байна. Бид одоо л нэгдэж тэмцэхгүй бол нурсан хашаа, шавар шалбааг, үнс нурамтайгаа, улам ядуурсаар байх юм байна. Тиймээс газрын эзэд нэгдэж, УИХ-ыг тарахыг шаардъя. Гэр хорооллынхон сайхан амьдрах эрхээ нэхэж байна. Бид ямар олуулаа, ямар хүчтэй вэ гэдгээ харуулах цаг иржээ" хэмээн цахим хуудсаараа мэдэгдэж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан.

Тэгвэл өнөөдрийн жагсаалыг Нийслэлийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл дэмжиж, суултад оролцож буй талаар "Гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх мэдээллээ.

Жагсаалд оролцогчид "Бид газрын эзэд", "Гэр хороолол хөгжиж байж улс хөгжинө", "Дахин төлөвлөлтийн 40 тэрбумыг төсөвт эргүүлэн тусга" зэрэг үгтэй лоозонг майхан тус бүрт байршуулжээ. Харин хотын дарга асан Э.Бат-Үүл "Хашааны газрыг луйвардахаа зогсоо" гэсэн үгтэй майхан дотор сууж байна.

Сонирхуулахад, "Гэр хороолол" хөдөлгөөнийнхөн "Гэр Хороолол Хөгжлийн нам" байгуулсныг Улсын Дээд шүүх өнгөрсөн нэгдүгээр сарын 7-ны өдөр хянан хэлэлцэж, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон юм.

Улмаар тус нам улсын бүртгэлд бүртгэлтэй 31 дэх нам болоод буй.