Хотын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр НИТХ ээлжит бус хуралдаан зарлаж, өнөөдөр 11.00 цагаас хуралдаж эхэлсэн.

Тус хуралдаан эхлээд хэлэлцэх асуудлаа баталсны дараа НИТХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага авсан юм. Үүний дараа хуралдаан үргэлжилж нэр дэвшигчдийг сонгосон бөгөөд НИТХ дахь МАН-ын бүлэг НИТХ-ын дарга С.Амарсайханыг дэвшүүлж, заалнаас төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлсэн. Улмаар нэр дэвшигчдийг тогтож, тооллогын комисс байгуулах гэсэн боловч төлөөлөгч болон намын хуваагдсан бүлгүүд санал нэгдэж чадалгүйгээр АН-ын бүлэг 10 минутын завсарлага авсан юм.

Завсарлагын хугацаа дуусч хуралдаан үргэлжилж эхэлсэн ч мөн л үл ойлголцож, АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа. Уг завсарлагын хугацаа 15 цагт дуусч хуралдаан эхэлсэн.

Үргэлжлүүлэн тооллогын комисс байгуулах асуудлаар хэлэлцэж эхэлж байтал НИТХ дахь МАН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа.

Ингэснээр 11.00 цагт эхэлсэн НИТХ-ын өнөөдрийн хуралдаан 4 удаа эхэлж, 4 дахин завсарлав.