Монгол, Солонгосын хамтарсан ховор метал судалгааны төвийг 11 дүгээр сард нээнэ

Л.Дэлгэрмаа
08 сарын 28, 2025

Монгол Улс ховор металлын судалгаа, олборлолтод шинжлэх ухаан, технологийн дэвшлийг түлхүү ашиглах шинэ үе шат эхлүүлж байна. Тодруулбал, Монгол, БНСУ хамтран “Ховор метал судалгааны төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлж, ирэх 11 дүгээр сард албан ёсоор нээхээр төлөвлөжээ.

Хоёр улсын Засгийн газар 2023 онд “Ховор металл нийлүүлэлтийн сүлжээнд хамтран ажиллах тухай” санамж бичигт гарын үсэг зурсан нь уг төслийн эхлэл болсон юм. Үүний хүрээнд судалгааны төвийг дөрвөн үе шаттайгаар байгуулж, 2027 он гэхэд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах зорилготой.

Шинэ төвд хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулах бөгөөд геологийн хайгуул, баяжуулалт, олборлолтын R&D судалгаа хийхээс гадна “smart mining” буюу ухаалаг олборлолтын технологийг туршиж нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Судалгааны төвийг байгуулснаар Монгол Улс ховор металлыг зөвхөн түүхий эдээр бус нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах боломж бүрдэх бол БНСУ-д ханган нийлүүлэлтийн тогтвортой эх үүсвэр бий болох давуу талтай гэж талууд онцолжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах ажлын Солонгосын талаас гүйцэтгэгч Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн төслийн багийнхантай уулзлаа. Төслийн хүрээнд "Геологийн судалгаа-шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн газрын ховор элемент, ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгос Улсын баяжуулах технологийг нутагшуулах лаборатори байгуулах, хүний нөөцийг бэлтгэх болон хоёр орны аж ахуйн нэгжүүдийг ховор металлын чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.