Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хүнсний зах, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажилчдын нийт 266 эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг татан авалт хийж, тулгалт хийхэд хоёр иргэн хуурамч дэвтэртэй байжээ.

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд МХЕГ-аас ирүүлсэн 02/246 тоот удирдамжаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний чанар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам” –ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэхүү тулгалт хийгдэж байна.

Тулгалтанд хамрагдсан нийт 266 эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийн 47 буюу 18% нь хүчингүй дэвтэр байна. Дэвтрийн дугаар тавигдаагүй 266 буюу 100%, байгууллагын нэр бичигдсэн 201 буюу 76%, зураг тавигдсан 55 буюу 21%, Биеийн зурагт тэмдэг тавигдсан 52 буюу 20%, эрхэлсэн ажлыг бичсэн 223 буюу 84%, дэвтэр олгосон огноо тэмдэглэсэн 236 буюу 89%, үзлэг, шинжилгээнд хамрагдсан огноо тэмдэглэсэн 266 буюу 100%, үзлэг, шинжилгээнд эмчийн гарын үсэг, тайлал тавигдсан 235 буюу 88%, эмчийн тэмдэг дарагдсан 235 буюу 88%, шинжилгээнд хамрагдсан дугаар тавигдсан 178 буюу 67%, баталгаажуулалт хийлгэсэн 243 буюу 91%, санамжтай танилцаж гарын үсэг зурсан 8 буюу 3%-ийг тус тус эзэлж байгаа аж.

Нэгдсэн эмнэлгийн холбогдох эмч нар нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт үзлэгийн болон шинжилгээний дугаар тавиагүй, шинжилгээний хэсэгт БЗДӨ/ДОХ-ын дардас дарсан, тушаалд ороогүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бичилт хийж, гарын үсэг зурсан, лабораторийн ажлын протоколыг хагас дутуу бичсэн зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Нэгдсэн эмнэлгийн даргад дутагдал арилгуулах есөн заалт бүхий албан шаардлага өгч, сургууль, цэцэрлэгийн эмч, тогооч, нярав, Үдийн цай бэлтгэн нийлүүлэгч нарт зохион байгуулсан сургалтанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-аар мэдээлэл хийхээр болжээ.

Скайнердсан хуурамч дэвтэртэй хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.


Эх сурвалж: МХЕГ