“Монголын хөрөнгийн бирж”, “Монголын үнэт цаасны бирж” ХХК-аар дамжуулан хоёр ч компани IPO буюу үнэт цаас гаргахаар хүсэлт гаргажээ. Анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох буюу хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдийн хэлж заншсанаар IPO гаргасан компани Монголд 22 бий. Тэднээс 16 компани амжилттай IPO хийж нийт 98,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татаж байсан юм. Мөн дөрвөн компанийн IPO амжилтгүй, хоёр компанийн хувьцааг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэхээс татгалзаж байсан удаатай.Санхүүгийн зохицуулах хороо IPO гаргаж буй компанийн баримт бичгийг хууль, тогтоомжийн хүрээнд хянаж шаардлагатай тохиолдолд нэмэлт материалыг шаарддаг. Энэ явцад манай компаниуд үндсэн, нэмэлт баримтаа дутуу бүрдүүлж, танилцуулгаа буруу ташаа мэдээлж алдаа гаргадаг учраас тус хоёр компанид үүнийг анхаарч ажиллахыг хүсчээ.

IPO гэж юу

IPO буюу Initial Public Offering гэдэг нь хөрөнгийн анхдагч зах зээлд компанийн хувьцааг арилжаалж/ худалдаж улмаар санхүүжилт босгох процесс юм. Өөрөөр хэлбэл компани хувьцааныхаа тодорхой хэсгийг ямарваа хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж улмаар компани хөрөнгө оруулалт босгох мөн хөрөнгө оруулагчид компанийн ашгаас хувь хүртэх боломжыг нээсэн харилцан ашигтай харилцааг хэлнэ.