Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд нь дараах үндэслэлүүдээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэж хэвлэлийн хурал хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ: МАН 60 тэрбум схем зохиож төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байсан. Үүнийгээ ч бүгд хүлээн зөвшөөрсөн. Харамсалтай нь хариуцлага хүлээгээгүй. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн УИХ-ын даргад өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж хоёр дахь удаагаа хууль бус үйлдэл хийлээ. АН ийм хууль бус үйлдэлтэй эвлэрэхгүй.

Бид МАН-ыг зөндөө харж хүлээлээ. Хангалттай, өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдож байгаа нь ноцтой хэрэг. Монгол улсын Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшиж сонгогдсон ч харамсалтай нь эрх баригч МАН-ын хууль бус үйл ажиллагаанд оролцож байна. Бид саяхан АН-ын 9 дүгээр их хурлыг хуралдуулсан, үнэт зүйл, үзэл баримтлалаа тодорхойлж Улсын дээд шүүхээр батлуулсан. Үүндээ хувь хүний үзэл баримтлал, хуулийн засаглалын дээдлэсэн баруун төвийн нам байна гэдгээ албан ёсоор зарласан. Энэ үнэт зүйлс үзэл баримтлалаа цаашид баримтлах болно. Тиймээс Үндсэн хуулийг халдлагаас хамгаалах үүргээ биелүүлнэ.

АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж: МАН 60 тэрбумын схемийн арга барилаараа шүүх засаглалын удирдлагыг гартаа авч ЖДҮ-чин гишүүдийн асуудлыг нам дарах гэж байна. ЖДҮ-чин гишүүд бүх зүйлээр барьцаалагдсан.  Өнөөдрийн үйлдэл болгон нь үүнийгээ баталж орхилоо.

Х.Тэмүүжин: Үе үеийн парламент ерөнхийлөгчийн хаан болох дур зорог дээр тээг болж ирсэн. Харин энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар гэдэг хүн Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч, парламент ёсыг үгүй хийх утсан хүүхэлдэй болж байна. Гэнэтхэн матрын нулимс унагаж байгаа хүмүүсийг гайхаж байна. Дөрвөн жилийн өмнө Ц.Оюунгэрэл гишүүн Төв аймгийн шүүхийн байранд хөлөө жийж суугаад "эрүүдэн шүүж байна шүү дээ" гэж орилж байхад хэн ч тоогоогүй шүү дээ. Дөрвөн жилийн өмнө хуулийг нь өөрчлөх гэж байхад, энэ үйл явцыг шүүмжилж байхад эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр эрүүдэн шүүлт яриад сууж байна.