Монголчуудын хувьд шүдний өвчлөл нилээн өндөр байдаг. Энэ нь мэдээлэл дутуу авдаг, буруу арчилдаг, эмнэлэгт ханддаггүй зэргээс улбаатай нь ойлгомжтой. Мөн шүдний цооролттой хэдий ч эмчилгээ хийлгэхгүй явсаар хүндрүүлдэг. Тэгвэл энэ удаад амны хөндийн эрүүл мэндийн талаар Япон улсын Токушима их сургуулийн Шүдний Гажиг Заслын тэнхимийн докторант Х.Цэндсүрэнтэй ярилцлаа. 

 -Шүдийг хэзээ цэвэрлэх ёстой вэ? Бид ихэнхдээ өглөө сэрээд мөн унтахын өмнө л угаагаад байдаг.

Бид нар хоол, амттан, гурилан бүтээгдэхүүн идсэний дараа шүдний гадаргуу дээр хоолны үлдэгдлээс үүссэн өнгөр үүсдэг. Шүдний өнгөр нь шүдийг цооролд хүргэдэг хэдэн зуун мянган бактерийн хуримтлал  юм. Хоол идсэний дараа заавал шүдийг угааж, шүдэн дээр үүссэн өнгөрийг арилгаж, цэвэрлэх хэрэгтэй. Хоол идсэнээс хойш 30 минутын дараа шүдэнд эргэн эрдэсжилт явагдаж байдаг ба энэ үед шүдээ угаах нь хамгийн зөв цаг хугацаа юм. Ихэнхдээ хүмүүс би шүдээ сайн угаадаг гэхдээ шүд цоороод байна гэдэг. Энэ асуудлийн нэг гол шалтгаан нь хоолны дараа шүдээ угааж байгаа хугацаа байдаг. 

Жишээ нь та оройн хоолоо 19 цагаас идээд шөнийн 23 цагт шүдээ угааж байгаа бол үр дүнтэй шүдний өвчлөлөөс сэргийлж байгаа арга биш юм. Мөн шүдийг буруу угаах, хэтэрхий хүчтэй даралтаар дарж угааснаас үүдэн шүдний паалан ялангуяа хүзүүвч хэсгээрээ элэгддэг. Ингэж шүдний паалан элгэдсэнээр халуун хүйтэн зүйлс идэж уухад шүд эмзэгшин, хэт мэдрэгшилийн шинж тэмдэг илэрч янгинаж өвддөг. 

-Дандаа буруу цагт угаадаг байхнээ, тэгвэл амны хөндийг хамгийн багадаа хэдэн минут угаах хэрэгтэй вэ?

Шүдийг хамгийн багадаа 2-3 минут угаах хэрэгтэй. Учир нь шүдний ОО-ны найрлаганд орсон шүдэнд хэрэгтэй фтор зэрэг эрдэс нь хамгийн багадаа хоёр минутын турш шүдний гадаргуу дээр байсны дараа шүд рүү нэвчдэг. Хоёр минут хүрэхгүй хугацаанд угаах нь та шүдний ОО-д агуулагдах хэрэгтэй эрдсийг авалгүй зүгээр амаа зайлаал асгаж байгаа гэсэн үг юм. 

-Монголчуудын дийлэнх хувь нь зөвхөн ОО л хэрэглэдэг. Энэ нь бүрэн цэвэрлэгээ болж чадах уу?

Хоол идсэний дараа үүссэн өнгөрийг механикаар цэвэрлэдэг гол зүйл бол шүдний сойз байдаг. Өөрт тохирсон шүдний сойзыг сонгон зөв аргаар шүдээ угаах нь ам арчилгааны хамгийн чухал зүйл байдаг. Мөн бүрэн төгс шүд арчилгаа хийхийн тулд дан ганц шүдний сойз хангалтгүй ба давхар шүдний завсрын сойз болон шүдний утсыг хэрэглэх нь хамгийн чухал. Зөвхөн шүдний сойз л хэрэглэдэг бол та шүднийхээ 60-70 хувийг цэвэрлэж байна гэсэн үг. Харин ОО нь цэвэрлэгдсэн шүдний гадаргууд нэвчин орж шүдийг илүү бат бөх болоход туслах үүрэгтэй байдаг. 

-Сойз чухал үүрэгтэй гэлээ. Гэхдээ бид ямар сойз сонгохоо тэр бүр мэддэггүй. Яаж өөртөө тохируулан сонгох вэ?

Гадуур худалдаанд ихэвчлэн стандарт хэмжээтэй сойз байдаггүй. Хэмжээний хувьд том, олон янзын нэмэлт зүйлийг оруулсан, илүү хүний анхаарлыг татах хандлагатай байдаг. Шүдний сойзны үсний урт нь бидний дээд үүдэн шүдний хэмжээтэй адилхан буюу нилээн жижиг хэмжээтэй сойзыг сонговол зөв гэсэн үг. Ингэснээр шүд нэг бүрийг илүү сайн угаадаг ба ялангуяа араа шүднүүдийг сайтар бүрэн цэвэрлэж өгдөг. 

-Байнга нэг төрлийн оо хэрэглэх нь зөв үү?

Дандаа нэг төрлийн шүдний оо хэрэглэх эсэх нь тухайн хүний өөрийн сонголт. Шүдний оо нь цоорлоос урьдчилан сэргийлэх, буйлны үрэвслийн эсрэг, шүд цайруулах болон ургамлын гаралтай гээд олон төрөл байдаг. Эдгээрээс тухайн үед ямар онцгой арчилгаа хэрэгтэй байгаагаас хамаараад 2-3 төрлийг хамтад нь ээлжлээд хэрэглэж болно. Миний хувьд шүд цайруулах оог долоо хоногийн 2-3 өдөрт тогтмол оруулан хэрэглэдэг. 

-Шүдээ угаагаад байгаа мөртлөө амнаас нь эвгүй үнэр гардаг хүмүүс олон байдаг. Үүний шалтгаан нь юу юм бол?

Хэлэн дээр үүссэн өнгөрт олон төрлийн бактери агуулагдаж байдаг ба үүнээс үүдэн амнаас эвгүй үнэр гарах гол шалтгаан болдог. Үүнээс сэргийлэхийн тулд шүдээ угаасны дараа заавал хэлний өнгөрөө цэвэрлэх шаарлагатай. Хэлний өнгөр цэвэрлэгч эсвэл шүдний сойзоо ашиглан цэвэрлэнэ. 

Дараагийн том шалтгаан нь шүдний буйлны үрэвслээс шалтгаалдаг. Буйлны үрэвсэл нь яагаад үүсдэг вэ гэхээр шүдийг хангалттай зөв цэвэрлэж чадаагүйн улмаас амны хөндий болон шүдэн дээр өнгөр үлдэж, тухайн өнгөрт үүссэн бактери нь буйлыг үрэвсүүлэхийг хэлдэг. 

Буйлны үрэвсэлтэй бол шүд өвдөх шинж тэмдэг байдаг ба эхэн үедээ шүд угаах үед буйлнаас цус гардаг. Архаг хэлбэрт шилжих үед шинж тэмдэггүй болж амнаас эвгүй үнэр гарна. Цаашлаад шүдний тулгуур эдийн өвчин үүсэж яваандаа эрүүл шүд сулран өөрөө унадаг. Үүнээс сэргийлэх гол арга нь дээр дурдсан шүдний утас тогтмол хэрэглэх мөн шүдний эмнэлэгт 6 сар тутам үзүүлж мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэх шаардлагатай. 

-Шүдний чулуужалт буйлыг  үрэвсүүлдэг гэж сонсож байсан. Энэ үнэн үү?

Шүдний чулуу нь дутуу цэвэрлэгдэж шүдний гадаргууд үлдсэн шүдний өнгөрөөс болж үүсдэг. Өнгөр шүдний гадаргуу дээр цэвэрлэгдэхгүй үлдсэнээс хатуу болон бэхжисэнийг шүдний чулуу гэж нэрлэдэг. Шүдний чулуу нь буйлны үрэвслийн гол шалтгаан болдог. Тамхи татдаг болон кофе тогтмол хэрэглэдэг хүмүүсд шүдний чулуу үүсэх нь илүү амархан байдаг. Иймээс шүд арчилгааны зөв бүтээгдэхүүн сонгон хэрэглэх мөн хамгийн чухал нь шүдний эмнэлэгт тогтмол 6 сар тутамд очин мэргэжлийн цэвэрлэгээ буюу шүдний чулууг цэвэрлүүлж шүдээ өнгөлүүлж байх хэрэгтэй. 

-Монголчууд өдрийн цагаар шүдээ угаах нь нэн ховор. Харин Япончуудын хувьд ямар байдаг вэ? 

Япон улсад өдрийн цагаар шүдээ угаах нь өдөр тутмын зайлшгүй хийх ёстой зуршил. Бүх насныхан хаа байгаа газраа өдрийн хоолны дараа заавал шүдээ угаадаг. Энэ нь бүр цэцэрлэг сургуулиас нь эхэлж зуршил болгосон байдаг. Сургууль цэцэрлэгийн хүүхдүүд өөр өөрсдийн даавуун уутанд шүдний ОО, сойз, аягаа авч явдаг. Ингэж багаас нь хэвшил болгосон нь Япон улсыг шүд цоорлын өвчингүй болгоход хүргэсэн хамгийн том алхамуудын нэг нь юм. Ер нь орчин үед өдрийн цагаар шүдээ угаахгүй уулзалт хуралд оролцож, бусад хүмүүстэй харилцаанд орох нь өөрөө өөрийгөө болоод бусдыг хүндлэхгүй, соёлгүй байгааг шууд харуулж байдаг. 


-Шүдний өвчин нь ихэнх өвчний үндэс суурь гэдгийг эмч нар ярьдаг. Ер нь шүдний өвчнөөс болж нас барах тохиолдол бий юу?

Дэлхийн маш олон орон аль хэдийн шүд цоорох өвчинөөс салсан байдаг. Гэтэл манай улсад шүд цоорох өвчиний тархалт 90 хувиас дээш байдаг.  Тиймээс шүд цоорох өвчин манай улсын хувьд ярихгүй байхын, хөндөхгүй байхын аргагүй том сэдэв. Сүүлийн үеийн судалгаагаар эрүү нүүрний гаралтай мэс заслын 50-аас дээш хувийг шүдний болон шүдний бус гаралтай үрэвсэлт өвчин эзэлж байна. Эдгээрийн дийлэнх хувь нь шүдний гаралтай буюу шүдээ эмчлүүлэхгүй явсанаас үүссэн байдаг. Үрэвсэл нь даамжирч цаашаа нэвчээд буглаа болох, ясны хальсны үхжилт үрэвсэл болох хүндрэлүүд үүсдэг. 

Хүмүүс шүд цоороод цаашаа хүндрээд шүдээ алддаг л гэсэн ойлголттой тоохгүй яваад байх шиг санагддаг. Манай улсад жил бүр шүдний гаралтай хүндрэлээс шалтгаалсан 1-2 нас баралт бүртгэгддэг. 

-Аймшигтай тоо байна шүү. Бид шүдээ угаахдаа ямар алдаа гаргадаг учраас өвчлөл буурахгүй байна вэ?

Шүд арчилгаан дээр хамгийн гол алдаанууд сойзоо буруу сонгох, ооны хэмжээг ихдүүлэх, угаах хугацаа буруу, угааж буй арга дараалал буруу зэрэг алдаанууд ажиглагддаг. Ихэнх хүмүүс өөрсдийгөө шүдээ зөв арчлаад яваад байна гэсэн ойлголттой байдаг. Хамгийн хурдан бөгөөд, зөв арга бол шүдний эмнэлэг, шүдний эмчид хандан өөрийгөө шүд арчилгаагаа зөв хийж байгаа эсэхээ хянуулан, хэрвээ буруу бол мэргэжлийн хүний зөвлөгөө авч заалгах юм. 




Түүний инстаграм болон youtube сувгийг дагаж илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваарай. 

Инстраграм: tsenduren.kh

youtube суваг: Tsendsuren KhurelOchir