Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чацарганы баяр”-ыг  найм дахь жилдээ зохион байгууллаа. Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Чингис хааны морьт хөшөө бүхий цогцолбороос хойш дөрвөн км-т байрлах “Хаан жимс” жуулчны баазад болсон наадам нийслэл хотынхны зорин очих дуртай баяруудын нэг болжээ.  Энэ баярт хүрэлцэн очсоноор эрүүл органик бүтээгдэхүүнийг мөчрөөс нь амталж, урлагийн тоглолт үзэн алжаалаа тайлах боломжийг олгодог юм. Баярын үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нээж, үг хэлэв.

Тэрбээр “Хуба Хаяа бол Монголын эрүүл хөрсөнд ургасан, бордоогүй чацарганаас ялгаж авсан охь. Чацарганы хальс, үрийг нь ялгаад, ус сахар нэмэхгүйгээр шууд савлаж байгаа. Тиймээс байгалийн витамины хаан гэж хэлж болно. Бид бүтээгдэхүүнээ 50 мл хэмжээтэй савласан. Энэ бүтээгдэхүүн нь хүний өдрийн А, С, Е, витамины хэрэгцээг бүрэн хангана. Мөн гэр бүлийн хэрэгцээнд зориулан нэг литрээр савласан. Япон, Солонгос, Хятадын худалдан авагчид Монголын эрүүл хөрсөнд ургасан чацарганыг Евро стандартаар гаргаж буй бүтээгдэхүүнд огтхон ч эргэлздэггүй гэдгээ хэлдэг ” гэдгийг тодотголоо.

Үйлдвэрийн инженер Д.Ганзориг “Бид чацарганы үр болон зөөлөн эдийн тосыг ялган гаргаж авдаг. Энэ тосыг гадаадын гоо сайхны компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ зориулан захиалж авдаг. Мөн энэ тос нь эрүүл мэндэд маш их ач тустай. Үрийн тос нь тархины судас нарийсах өвчнийг эдгээдэг бол зөлөн эдийн тос нь зүрх судасны системийг эрүүлжүүлдэг омегаг илүү ихээр агуулдаг учир бид өдөр тутамдаа хэрэглэж занших нь зүйтэй юм” хэмээсэн.

Харин баярт хүрэлцэн ирсэн зочид “Бид “Хаан жимс”-ийн зохион байгуулдаг чацарганы баярт жил бүр оролцдог. Энэхүү баярт ирж, чацаргана түүн, “Хуба хаяа”-г үйлдвэрийн үнээр худалдан авдагтаа баяртай байдаг” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг чацарганы баярт энэ жил найман настай балчираас наян настай буурай хүртэл оролцон, чацарганы талбай дээрээс шинэхэн чацаргана амталж “Хуба хаяа”-тай өнгөрүүлсэн юм.