Өнгөрөгч шөнө  буюу 11 дүгээр сарын 24-ний шөнө  Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 50 гаруй айлын гэр, 13 айлын  болон 10 гаруй ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан байна.

Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар 11 дүгээр сарын  25-ны өдрийн 06:00 цагт малтайгаа сураггүй болсон мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, иргэн Ц, Б нарыг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13:59 цагт эсэн мэнд олж, хоёр иргэний амь насыг авран хамгааллаа.

 Мөн Ховд аймгийн Булган суманд 900 гаруй толгой мал шуурганд уруудсан дуудлагаар Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж, шуурганд уруудсан малыг олж, эзэнд нь  хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн хувьд Говь-Алтай аймгийн хэмжээнд цасан болон шороон шуурга шуурч онц аюултай үзэгдэл болсны улмаас зарим сумдад нөхцөл байлдал хүндэрчээ. Урьдчилсан байдлаар Шарга, Төгрөг сумдад 2-3 айлын гэр унасан, Бугат суманд салхины хурд 34 метр секунд хүрч гэрлийн шон унаж тог цахилгаангүй болжээ. Үүнээс гадна 30 гаруй айлын гэр, хашаа нурж, 2-3 байгууллагын дээвэр хуурсан ажээ.

Иймээс иргэд хөдөлмөрчдөд хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.