Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтай хамтран Мөрөн сумын төвийн явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй газруудад 3 D замын гарцыг хийж иргэдийн ая тухтай зорчих боломжийг бүрдүүлж байна.

Мөрөн сумын явган зорчигчийн хөдөлгөөн ихтэй Эрдмийн далай сургууль, Хаан банкны орчмын хоёр зам хамгийн сүүлийн үеийн 3 D гарцтай болсноор зорчигчид бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.  3D гарц нь холоос тод харагддаг учраас жолооч нар хурдаа хасч хөдөлгөөнд оролцдог байна.
Тус аймгийн хэмжээнд оны эхний 6 сарын байдлаар 6 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Хүүхдүүд ихэвчлэн зам гарах үедээ осолд өртсөн байгаа учраас цаашид замын тэмдэг тэмдэглээг шинэчлэн 3 D болгох нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг