УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд томилуулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 89.7 хувь нь дэмжив.

Содномын Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн. Эдийн засгийн ухааны магистер. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга,Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, МАН-ын НБХГ-ын дарга, Засгийн газрын гишүүн, 2014 онд Хөдөлмөрийн сайд зэрэг албан тушаалууд хашиж байсан. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Өвөрхангай аймгаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон юм.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнд нэр дэвшиж буй УИХ-ын 15 гишүүнээс найман гишүүний асуудлыг хэлэлцэж, сайдаар томиллоо. Чуулганы хуралдаан маргааш үргэлжилж бусад сайдын томилгоог хэлэлцэнэ.