Урин дулаан цаг эхэлж байгаа энэ үед барилгын салбарын бүтээн байгуулалт ид өрнөдөг. Үүнийг дагаад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсантай холбоотой гэмт хэргийн тоо өсдөг байна. Тиймээс ЦЕГ болон НМХГ хамтран аюулгүй ажлын байр бий болгох ажлыг өрнүүлж, урьдчилан сэргийлэх ажлыг хийж эхэлжээ. 

Сүүлийн гурван жилд хөдөлмөрийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тогтмол өссөн болохыг судалгаа батлан харуулж буй.

Өнгөрсөн онд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсантай холбоотой нийт 89 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний бараг тал буюу 49 хувь нь барилгын салбарт үйлдэгджээ.

МХГ-аас ЦЕГ-тай хамтран барилгын салбарт гарч байгаа гэмт хэргийг бууруулахаар хамтран ажиллаж байна.  Ажлын хүрээнд дүүрэг тус бүрчлэн барилгын компаниудад шалгалт хийж зөвлөмж хүргэх аж.

Хуулиараа нийт барилгын төсөвлөгдсөн хөрөнгөний 1,5 хувийг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд зарцуулах ёстой. Гэвч хяналт шалгалтаар ихэнх газрууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаандаа гар татдаг, энэ нь ч осол гарах, зөрчил гарах цаашлаад хүний амь нас эндэх шалтгаан болдог гэлээ.

2018 онд 19 захирал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтанг яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэжээ.Тэнсэн харгалзах ялаар 3 хүнийг, 1,4-2 жилийн хугацаанд хорих ялаар 1 иргэнийг, хэрэгсэхгүй болгосон 2 иргэний асуудлыг шийдсэн байна. Тэдэнд 450 мянгаас 10 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.