УИХ дахь Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдааанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хийсэн аудитын тайланг хэлэлцлээ. Үндэсний аудитын газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аудитын тайланг ирүүлсэн байна.

Аудитын тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор С.Оюунбилэг танилцуулсан юм.

Монгол Улсын Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш 8 жил өнгөрч хууль, журамд өөрчлөлт орсон хэдий ч банкны зээл олгох үйл ажиллагаа нь хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдаагүй, эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй байна гэж үзжээ.  

Банкны охин компани, захиргааны нэгжийн орон тоо банкны үйл ажиллагаатай бүрэн уялдаагүй, банкны үндсэн үйл ажиллагаа хумигдсан ч орон тоо буураагүй, боловсон хүчинтэй холбоотой зардал сүүлийн 5 жилд дунджаар 50.6 хувиар өссөн байна.

Худалдан авах ажиллагаанд мөрдөж буй журам нь худалдан авах ажиллагааны зохион байгуулалт, сонгон шалгаруулалтын үйл явцыг бүрэн зохицуулаагүй, худалдан авах ажиллагаанд арвилан хэмнэлттэй байх зарчим бүрэн хэрэгжээгүй, зөвхөн ажлын байр худалдан авахад 10.2 тэрбум орчим төгрөгийг хэмнэх боломжийг алдагдуулсан гэж дүгнэжээ.  

Монгол Улсын Хөгжлийн банк нь бэлтгэл ажлыг бүрэн хангахгүйгээр 2012-2017 онд нийт 2,254.7 тэрбум төгрөг, 30.0 тэрбум иен, 1,502.2 сая ам.доллар, 33.0 сая еврог тус тус татан төвлөрүүлсэн бөгөөд 2012 онд мөнгөн хөрөнгийн удирдлага хангалтгүйгээс төсөл санхүүжүүлэх, орлого олох боломжийг алдсан байна.

Самурай бондын 30.0 тэрбум иений хөрөнгийг санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан ханшийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр бусад валютад шилжүүлснээс 2014-2017 онд 102.1 тэрбум төгрөгийн ханшийн тэгшитгэлийн алдагдал хүлээсэн байна.

Монголбанкны бодлогын хүүгийн түвшнээс бага хүүтэй байршуулсан, мөнгөн хадгаламжийг хугацаанаас нь өмнө эргүүлэн татсан зэргээс их хэмжээний орлого олох боломжийг алджээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад валютын албан нөөц огцом буурч, төлбөрийн тэнцлийн алдагдалтай байх үед Засгийн газар Хөгжлийн банкаар дамжуулан улсын төсвөөс гадуур их хэмжээний санхүүжилт олгож төсвийн иж бүрэн байх зарчмыг алдагдуулж байжээ.

Тус банкнаас 2012-2016 онуудад улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр нийт 348 төсөлд 1,456.5 тэрбум төгрөгийн зээл олгосноос 39.1 тэрбум төгрөг, 4.0 сая ам.долларын зээл Хөгжлийн банкны зорилго, зорилттой нийцэхгүй, 36 төсөл хугацаандаа хэрэгжээгүйгээс үр дүн гараагүй, төсөвт нэмэлт ачаалал үүсгэсэн байна гэж дүгнэжээ.

Арилжааны банкаар дамжуулан 11 хөтөлбөрт зориулж, нийт 1625 төсөлд 1,165.1 тэрбум төгрөгийн зээл олгосноос МУХБ-ны 2011 оны хуулиар тодорхойлогдсон зорилго, зорилтод бүрэн нийцээгүй 1,046.1 тэрбум төгрөгийн 1068 төслийг санхүүжүүлсэн байна.

Хөгжлийн банкнаас төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй нийт 75 төсөлд 2,544.6 тэрбум төгрөгийн зээл олгосноос 28 төслийн 569.7 тэрбум төгрөгийн зээл хугацаандаа төлөгдөөгүй, авсан зээлээ төлөхөөс зайлсхийх байдал нийтлэг ажиглагдаж байгаа нь зээлийн судалгаа, эрсдэлийн үнэлгээг хангалтгүй хийж, зээлийн хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой гэж үзсэн байна.

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 2017 онд 7.6 хувь, 2018 оны жилийн эцсийн байдлаар 8.5 хувьд хүрсэн байна.

Засгийн газраас эрчим хүч, барилга, дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлэх бодлогын шийдвэрүүд удаа дараа өөрчлөгдөж тогтворгүй байсан нь МУХБ-ны санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиг хангалтгүй байх, зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийг бий болгож, банкны ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Зээлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журмуудын зохицуулалт хангалтгүй, арилжааны банкаар дамжуулан олгосон зарим зээл зориулалтын дагуу ашиглагдаагүй гэж дүгнэжээ.  

Дотоод хяналтын тогтолцоог 2017 оноос хойш зохих ёсоор бүрдүүлэн ажиллаж байгаа ч дотоод хяналтын арга зүй, үр нөлөөг сайжруулах шаардлагатай байна хэмээн тайланд дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.