Уламжлал ёсоор амралтын өдрүүдийг далимдуулан шатахууны үнэ сэмхэн нэмэгдэв. Тухайлбал, АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 50-100 төгрөгөөр, АИ-95 бензиний үнэ 100-250 төгрөгөөр өсчээ. Энэ бол шатахуун импорлогчдоос барьж буй 3 дахь гэнэтийн бэлэг л дээ. Он гарснаас хойш бага багахан нэмсээр өнөөдрийн байдлаар шатахууны үнэ 30 орчим хувь өсчихөөд байна.

Одоогийн байдлаар "Петровис" компанийн харъяа шатахуун түгээх станц АИ-92 шатахууныг 1885 төгрөгөөр, АИ-95-ыг 2160 төгрөгөөр, дизел түлшийг 2160 төгрөгөөр худалдаалж байна. 

“Содмонгол”-ын ШТС-ууд АИ-92 шатахууныг 1820 төгрөгөөр, АИ-95-ыг 2100 төгрөгөөр, дизел түлш үнэ 2140 төгрөгөөр хэрэглэгчдэд үйлчилж байв.

Харин “Синчи Ойл” ХХК-ийн ШТС-уудад шатахуун, түлшний үнэ дээрхээс бага зэрэг татуу буюу 30-65 төгрөгөөр хямд зарагдаж байлаа.

Шатахууны үнэ хамгийн их нэмэгдсэн нь "Петровис"

Шатахууны үнийн өсөлтийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлохдоо “Социализмын үе шиг мах, зэс, шатахууны үнийг төр бариад байх боломжгүй. Ний нуугүй хэлэхэд цаашид зах зээлийн жамаараа түлш, шатахууны үнэ өсөөд явна. Шатахуун импортлогч компаниуд ашиггүй шахам ажиллаж байна” гэж хэлсэн билээ. УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазарын хувьд өмнө нь "Цаашид шатахууны үнэ нэмэгдэхгүй, хэрвээ үнэ нэмэгдэхээр бол зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ. Шууд үнийг нэмэх боломжгүй юм” гэж байсан ч талаар болов бололтой. Тэрбээр, “Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцаж, ОУВС-тай зөвшилцөж байж дараагийн хуралдаанаар оруулж ирэхээр болж хэлэлцэх асуудлыг 7 хоногоор хойшлууллаа” хэмээн мэдэгдэв.  Харин шатахууны үнийн өсөлтийг “Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа.Үүнд Ираны хориг, Турк улсад үүссэн нөхцөл ч нөлөөлж байна” гэсэн хариуг өгсөн юм. Үүн дээр манай үндсэн шатахуун нийлүүлэгч ОХУ энэ сарын 1-ээс нефтийн экспортын татвараа ч 7.5 хувиар нэмэхээр болсон нь үнэ цойлох баттай шалтгаан болж орхив. Энэ бол аргагүй хувилбар. Үүн дээр долларын огцом савлагаа ч шатахууны үнийг нэмэхэд нөлөөлдөг уламжлал ч бас давтагдав. Шатахуун импортлогч компаниуд бүтээгдэхүүнээ доллараар худалдан авна. Тэгэхээр зах зээл дээр хомсдоод байгаа банкнаас зээлж л авч таарна. Мэдээж хүүтэй. Энэ бол шатахууны үнэд нөлөөлж байгаа маш нэг том шалтаг.

Харин шатахууны үнийн өсөлтийг хамгийн ихээр мэдэрч байгаа нь алслагдсан аймгууд. Тухайлбал баруун 3 аймаг байна. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймагт шатахууны үнэ нэмэгдэж А-92-ыг 2000 төгрөг, АИ-80 шатахуун 1880, дизель түлш 2100 төгрөгөөр түгээгдэж байгаа аж.

Засгийн газар АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг тэглэх шийдэлд хүрсэн. Харин евро стандарттай бензин, дизель түлш, АИ-95, А-98 бензиний Онцгой албан татварыг тэглэх асуудлыг хэлэлцэх сураг ч гарч эхлэв. Энэ асуудал дээр ОУВ-ын сан нааштай хариу хэлвэл шүү дээ. Дүгнээд хэлбэл бид Ерөнхий сайдын хэлсэнчилэн шатахууны үнэ зах зээлээрээ л зохицуулагдахыг л хүлээхээс өөр аргагүй бололтой.

Гэхдээ шатахууны үнийн өсөлт зөвхөн Монголд ч нүүрлээд байгаа зүйл биш гэдгийг дурьдах нь зүйтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нефтийнхээ үнийг буулгахыг ОПЕК-т хандан уриалчихаад буй. Тэрбээр  ОПЕК-ийг үнэ буурч эхлэнгүүт олборлолтоо бууруулах бодлогыг  барьж байна хэмээн шүүмжлээд авсан билээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ 85 ам.доллараас давжээ. Энэ бол 2014 оны 11 сарын 10-наас хойшхи хамгийн өндөр үнэ. Шинжээчид энэ чигээрээ үргэлжилбэл дэлхий дахин 2020 оны дунд үе гэхэд нефтийн хомсдолд орно гэж бичжээ. Газрын тосны хамгийн том компаниуд болох Trafigura Group, Mercuria Energy Group Ltd-ийн таамаглаж байгаагаар, Ираны экспорт эрс багассантай холбоотойгоор Зул сарын баярын үеэр хомсдол үүсэх магадлал өндөр гэнэ.