ТОКИО. /NHK/. БНАСАУ-ын хулгайлагдсан Япон иргэдийн ар гэрийнхэн хайртай дотны хүмүүсээ эх оронд нь эргүүлэн авчрах чиглэлд хамтран ажиллах хүсэлтийг НҮБ-д гаргана.


Хулгайлагдсан иргэн Мэгүми Ёкотагийн дү Такүя Ёкота болон Яэко Тагүчигийн хүү Койчира Ийзүка нар Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд зочлохоор баасан гарагт Токио хотын "Ханэда" нисэх буудлаас хөдөлжээ. 


Тэд баасан гарагт НҮБ-ын төв байранд болох БНАСАУ-ын хүний эрхийн асуудлаарх зөвлөгөөнд оролцоно. Уг зөвлөгөөнд Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга мөн оролцох ажээ. Ё.Суга нь хулгайлагдсан иргэдийн асуудлыг хариуцсан төлөөлөгч юм.


Т.Ёкота нисэх онгоцонд суухынхаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэхдээ, гэр бүлүүдийг 40 гаруй жилийн турш тусдаа байлгасан БНАСАУ-ыг өршөөж чадахгүй гэжээ. Мөн тэрбээр, хамаатнууд нь дотны хүмүүсээ гэрт нь буцаан авчрахад ихээхэн хүчин чармайлт гаргаж буйг онцлоод, үүнд дэмжлэг үзүүлэхийг олон улсад уриалжээ. 


БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хулгайлагдсан бүх иргэнийг эх оронд нь буцаах томоохон шийдвэрийг гаргана хэмээн найдаж буйгаа Т.Ёкота илэрхийлсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард хулгайлагдсан иргэдийн ар гэрийнхэн Ким Жөн Ун руу захидал илгээжээ. Уг захидалд тэдгээр иргэдийг эх орон руу нь буцаахыг хүссэн байв.



Японы Засгийн газраас мэдээлснээр, 1970, 1980-аад оны үед БНАСАУ-ын төлөөлөгчид наад зах нь 17 Япон иргэнийг хулгайлсан ажээ. 2002 онд болсон дээд хэмжээний уулзалтын дараа тэдгээр иргэний тавыг нутаг буцаасан боловч бусад нь сураггүй хэвээр байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг