Улсын хэмжээнд энэ сарын 20-ний өдрийн байдлаар ЗӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 1060 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. Эдгээрийн 88 галзуугийн эрсдэлд өртсөн, 963 хачигт халдвар, 2 бэтэг, 1 хумхаа, 6 хувь нь боомын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол эзэлж байна. 

Хамгийн их тохиолдол нь хачигт халдвар байгаа бөгөөд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Хөвсгөл, Ховд, Хэнтий, Төв  зэрэг  аймгийн 106 сум, нийслэлийн 7 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар өссөн тоо юм.

Галзуу өвчний эрсдэлд өртсөн 29 сум, нийслэлийн 4 дүүргээс 88 тохиолдол мэдээлэгдсэн ажээ. 

Хумхаа өвчин манай орны хувьд нутагшмал бус өвчин хэдий ч сүүлийн жилүүдэд олон улсын аялал жуулчлал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор сэжигтэй тохиолдол гарах болсон. Тухайлбал  Канад улсын иргэн 34 настай, эмэгтэй дотор муухайрах, бүх бие янгинах, гүйлгэх шинж тэмдэг илэрчээ. Уг хүнд ЗӨСҮТ-ийн лабораторид нян судлал, ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээгээр цусанд хумхаа өвчний үүсгэгчийн ДНХ тодорхойлогдоогүй онош үгүйсгэгдсэн байна.