Та хог, хаягдлаа шууд хогийн сав руугаа хаях гэж байна уу. Таны гэрт л хог харагдахгүй бол, таны гэр л цэвэрхэн байвал болоо гэж үү? Таны үүрэг хогоо зөвхөн хогийн цэгт аваачиж хаях гэж үү?

Бид “завгүй амьдрал” гэх сүржин нэрээр түрий барьсан “сүйтгэгч” нар болоод буй юм биш биз. Хүмүүс бид дэлхий дээр жилд 2.12 тэрбум тонн хог хаягдлыг бий болгодог. Үүнийг ачааны машинд овоолон цуваа үүсгэх юм бол дэлхийг 24 удаа тойрох хэмжээтэй. Хүн төрөлхтөн хог хаягдлынхаа 80 хувийг байгальд хаяж, дөнгөж 20 хувийг нь дахин боловсруулж чаддаг байна.  

Өнөөдөр таны нэг удаа хэрэглээд хаясан зүйлс, дэлгүүр орох болгондоо худалдаж авдаг гялгар уут, лангуугаар дүүрэн өрөгдсөн ус, ундааны хуванцар сав бидний эрүүл мэндэд заналхийлж, таны хойч үед амьсгалах агаар, амьдрах орчин, уух ус үлдээхгүй гэдгийг та бодож үзсэн үү? 

Тодруулбал, хүмүүс хог хаягдлыг далай тэнгист цутгаж, байгальд хаяснаас болж жилд 100 мянган амьтан устаж, цаас үйлдвэрлэхийн тулд дөрвөн тэрбум мод тайрч байна. 

Тиймээс олон улсад нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж,  “zero waste”  буюу хог хаягдалгүй хэв маягийг эрхэмлэж, хогоо ангилж, дахин боловсруулж эхэлсэн. 

Манай улсад гялгар уут, хуванцар материалыг дахин боловсруулж сандал ширээ хийдэг 20 үйлдвэр бий. Гэвч иргэд хогоо ангилж хаядаггүй учраас шууд байгальд хаягдаж, тэдгээр үйлдвэрүүд түүхий эдээр дутдаг.  

Хуванцар хог хаягдал 5-1000 жилийн хугацаанд байгальд шингэдэггүй ба өөртөө маш олон төрлийн бичил биетүүдийг агуулдаг. Биологийн аргаар задрахдаа эдгээр бичил биетүүд нь дэлхийн дулааралд нөлөөлөхүйц метан /хүлэмжийн/ хийг ялгаруулдаг.

Тиймээс та яг одооноос эхлэн хогоо ялган ангилж, худалдан авалтдаа анхаарснаар хог хаягдал багасч, ан амьтдаа хамгаалж, далай тэнгис цэвэр тунгалаг болох бүрэн боломжтой. Энэ нь таны  ирээдүй хойчдоо үлдээж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт юм. 

Мөн та хэрэглэж байгаа бүтээгдэхүүнийхээ саван дээр PET/PETE, HDPE, PP гэсэн тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай. Ийм тэмдэглэгээ бүхий хуванцарыг манай улс дахин боловсруулдаг. Дээр дурьдсанаас бусад тэмдэглэгээтэй хаягдлыг дахин боловсруулах боломжгүй тул аль болох худалдан авахаас татгалзах хэрэгтэй. 


1. PET/PETE- Энэ ангилалд ундаа, ус, пивоны сав зэрэг хуванцарууд орно. Эдгээр түүхий эдийг ангилахдаа доторхыг нь цэвэрлэж, овор хэмжээг багасгана.


2. HDPE- Энэ ангилалд шампунь, шингэн саван, комет гэх мэт цэвэрлэгээний бодисууд болон тараг, кетчуп, машины тосны сав зэрэг хуванцарууд багтана. Түүхий эдийг ангилахдаа мөн л доторхыг нь цэвэрлэж, наалт цавуу зэргийг салгасан байх хэрэгтэй. /Наалт, цавуу зэрэг нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эвдлэх магадлалтай/ 


3. PP- Ихэвчлэн хоолны нэг удаагийн сав, хүүхдийн тоглоом хадгалдаг хуванцар савууд энэ төрөлд багтдаг. 


4. Гялгар уут- Бидний өдөр тутмын хэрэглээ болсон талх, нарийн боов, шоколад, сүү зэрэг дэлгүүрээс авдаг бүтээгдэхүүнүүдийн гялгар уутыг бүгдийг нь дахин боловсруулдаг. Харин мөнгөлөг гялгар уутыг дахин боловсруулах боломжгүй учраас шууд байгальд хаягддаг. Тиймээс та худалдан авалт хийхдээ анхаарах хэрэгтэй.


 5. Лааз- Пиво, ундаа зэрэг хөнгөн цагаанаар хийгдсэн лаазыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдэрлэдэг. Мөн Солонгос, Япон зэрэг улсууд руу импортод гаргаж усан онгоцны тоног төхөөрөмж үйлвэрлэдэг байна. Харин төмөр лаазыг боловсруулах боломжгүй тул хаягддаг байна.

Хөнгөн цагаан нь байгальд шингэлгүй 80 жил болдог.


6. Цаас - Дэвтрийн цаас, ном, өндөгний хайрцаг, сонингийн цаас зэргийг мөн дахин боловсруулдаг. Хамгийн гол нь шохойгүй, скочгүй, цавуугүй, үдээсгүй байх шаардлагатай.

Нэг тонн цаасыг дахин боловсруулбал 17 модыг тайруулахаас аварч чадна. Мөн дундаж хэмжээний орон сууцыг хоёр жил цахилгаанаар таслахгүй хангах хэмжээний эрчим хүч болон суултуурын усыг 2000 удаа татсантай тэнцэх усыг хэмнэж чаддаг.