Би 27 настай ганц бие эмэгтэй. Уулзсан хүн бүр, хамаатан садан  хүнтэй суу, хүүхэд гарга гэдэг учраас нэг л мэдэхэд тэднээс зугтаадаг болчихсон. Тэр үг нь надад дарамттай санагдаж, нийгмээс өөрийгөө тусгаарлаж эхэлсэн.

Социалист нийгмийн үед хүн амын тоог ихэсгэх бодлого явуулж гэр бүл болсон бол заавал хүүхэдтэй байх ёстой эс бөгөөс хүүхэдгүйн татвар авдаг байсан гэх. Энэ хэдийгээр улсын бодлого ч хүний эрхийг хэрцгийгээр зөрчсөн асуудал биш гэж үү? Өнөө үед ч энэ дарангуйллын үргэлжлэл явагдаж байгаа.

Жил бүрийн Шинийн нэгэнд эсвэл хаа нэгтээ хуучин танилтайгаа уулзахад, хүнтэй суусан уу, хэзээ хүүхэдтэй болох гэж байна, оройтлоо гэх үгийг үргэлж сонсдог. Энэ үгийг янз бүрийн хэлбэрээр сонсож яваа мянга мянган залуус бий. Тэдний зарим нь хөнгөн хүлээж авах ч зарим нь хүндээр хүлээж авна. Зарим нь бүр сэтгэл санааны хямралд ордог.

Өнөөгийн нийгэмд хамгийн түгээмэл тохиолддог сэтгэл зүйн хүчиндэлт бол  "Хүнтэй суугаач", "хүүхэд гаргаач", "хүүхэд гаргасан нэгнийгээ яасан эрт хүүхэдтэй болдог юм" гэх үгс. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал ч хэн ч энэ талаар дуугарах хүн ховор. Ийм үг сонссон ганц биечүүд сэтгэлдээ гуниг тээдэг ч хэзээ ч ил гаргаж зүрхэлдэггүй. Үүнээс үзвэл ямар ч шийдвэр гаргасан бай хэзээ ч бусдын таашаалд нийцэхгүй. Хүн гэж ийм л харгис, харанхуй ажгуу.  


Хүн бүр өөр өөр хэв маяг, үзэл бодол, хүсэл сонирхолтой, бэлгийн чиг хандлага ч өөр байх нь бий. Зарим нь залуу насандаа гэр бүл зохиодог бол, зарим нь 40 хүрээд хүнтэй гэрлэнэ. Зарим хос гэрлээд жилийн дотор хүүхэдтэй болдог ч, зарим нь 10 гаруй жил  хүлээж байж үрийн зулай үнэрлэдэг нь ч бий. Эсрэг хүйстнээ биш, ижил хүйстнээ сонирхдог иргэн ч цөөнгүй. Ийм залуусаас улмамжлалт гэрлэлт хүсэх нь асар том сэтгэлийн дарамт үүсгэж байгаа юм. Тухай хүн хэзээ, хэнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болох нь хүний эрхийн асуудал. Хэн ч хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх эрхгүй. 


Дэлхий нийт даяаршиж залуу үеийнхэн дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхаж байна. Тэд хийж бүтээх, сурч боловсрох, аялж зугаалах, өөрийнхөө сэтгэл зүйг таньж мэдрэх цэл залуу насандаа явж байгаа. Гэтэл хүнтэй суу, хүүхэд гарга гэх социалист нийгмийн дарангуйлал үргэлжилсээр...

Хамгийн бүдүүлэг сэтгэл зүйн хүчирхийлэл явагдсаар... 

Дэлхийн зарим иргэн 30 гарсан хойноо гэр бүл зохиодог бол манай улсын хувьд 20 гараад л гэр бүл зохиох нь элбэг. Энэ нь нэг талаараа насжилттай холбоотой боловч нөгөө талаараа нийгмээс ирэх дарамт шахалтаас үүдэлтэй гэж хэлж болно. "Чиний насны бүх хүмүүс гэр бүлтэй байтал"... гэх үгсээс эхтэй. 

Хэн нэгний шахалтаар, эсвэл залуу насандаа гэрлэсэн гэрлэлт хожим дуусгавар болох нь цөөнгүй байдаг. Учир нь хэн хэн нь өөрийгөө олж нээгээгүй, сэтгэлзүй талаасаа бэлтгэгдээгүй учраас салах магадалал өндөр гэсэн судалгаа бий. Үүний үр дагаварт хүүхэд хохирдог, өнчирдөг. Улмаар эцэг эхийн хайр халамжийг мэдрэлгүй дутуугийн комплекстэй болж өсдөг байна. 

Гэр бүл зохиож үр хүүхэдтэй болно гэдэг нь хүн болж төрсний утга учруудын нэг мөн. Гэхдээ өөрийн хүссэн цагтаа, бэлэн болсон үедээ, хүссэн шийдвэрээ гаргах эрхийг нь үлдээ.

Залуу үе дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж, нийгмийн байдал өөрчлөгдөж байна. Ийм учраас бид хүний эрхийн мэдрэмжээ дээшлүүлж, хэн нэгний асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх соёлд суралцах хэрэгцээ аль хэдийн иржээ.