Хүний хүрээлэл амжилтад хүргэхэд ямар чухал болохыг харуулсан хэдэн мянган зүйрлэл байдаг. Сургалтан дээрээ ашигладаг нэг дасгалыг та нарт хүргэе. Маш энгийн дасгал шүү. Та ойр дотны хүрээллийн 10 хүний нэрийг бичээд нэрнийх нь ард тэр хүний сарын цалинг бичнэ. Дараа нь арифметикийн дундажийг тооцож олно.

Магадгүй таны хүрээллийн хүмүүсийн дундаж цалин таныхаас бага бол таны цалин өсөхгүй гэсэн үг. Учир нь энэ хүрээлэл таныг нэг түвшинд “барих” болно. Хэрэв дундаж цалин таныхаас өндөр байвал,  Танд баяр хүргэе. Учир нь хүрээлэл таныг дээш “татах” болно.

Энэ аргыг зөвхөн цалинд биш өөр ямар ч хүчин зүйлд ашиглах боломжтой. Хэрэв таны хүрээллийн ихэнх хүмүүс араар тавилтыг  энгийн үзэгдэл гэж боддог бол та ч тэдэн шиг бодох болно.

Өөрийн хүрээлэлд хардаг зүйлсээ хүн энгийн, хэвийн үзэгдэл гэж ойлгодог. “Хэрэв эргэн тойронд тань хүн бүр хулгай хийвэл бас л үүнийг байх л зүйл мэтээр хүлээж авна. Бас бүдүүлэг хандлагыг байнга мэдэрдэг бол тийм л авиртан болж хувирна. Үүнийгээ сүртэй зүйл биш гэж эндүүрч хүлээн авна гээч. Хэрэв эргэн тойрны тань хүмүүс хүсэл мөрөөдөлгүй бол би ч мөн адил мөрөөдөлгүй гэж боддог. Хүрээлэл таныг хэн болохыг шийднэ.

Хүрээллээ шүүн нарийсгадаг гурван шүүлтүүр надад байдаг

1.Тухайн хүний зорилгын дээд цэг. Тухайн хүн өөрийгөө, энэ дэлхий ертөнцийг өөрчлөх хүсэл мөрөөдөлтэй байх нь хамгаас маш чухал. Зорилгын дээд цэг, дэлхий ертөнцөд хүргэх гээд байгаа санаа, шинэ зүйлээр цэнэглэгдсэн хүн хамгаас хүчтэй. 

Дэлхий ертөнцийг маш олон янзын аргаар сайжруулж болно. Жишээ нь, миний танил бүсгүй (түүний нэрийг Оля гэдэг) маникюр, педикюр хийдэг. Тэр ажилдаа маш сайн. Гэхдээ түүний тухай өөр нэг зүйл сонсоод бүүр ч ихээр хүндэлсэн. Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд хөлний хумс зөв авахтай холбоотой маш их асуудал гардаг юм байна. Хэрэв буруу авах юм бол халдвар авч, эд эсийн үхжил явагдах эрсдэлтэй. Ингээд Оля надад дараах зүйлсийг ярьж өгөв.

“...Юу гээч би хумс засдаг ажлыг нэлээд хэдэн жил хийлээ. Ийм асуудалтай хүмүүст чин сэтгэлээсээ тусалмаар байна. Иймээс би чихрийн шижинтэй хүмүүст тус болох үүднээс эмнэлэг нээхээр төлөвлөсөн. Одоогийн байдлаар бизнес-төлөвлөгөөгөө боловсруулж байна.”

Өөр нэг найз маань 10 мянган ажлын байрыг бий болгох өндөр технологит компани нээхийг хүсч байгаа. 10 мянган хүнийг тав тухтай ажлын байраар хангана гэдэг чинь зорилгын дээд цэг биш гэж үү?

Миний бодлоор гайхалтай санаа тээсэн хүмүүс дотроосоо гэрэлтдэг. Тэд ямар зорилготой байх нь хамаагүй. Хамгийн гол нь тэр хүн зорилгоороо дүүрсэн байх ёстой.

2. Мөрөөдөлдөө үнэнч байх. Хүн бүхний мэддэг ийм үг бий. “Та мөрөөдөлтэй юу? Тэгвэл мөрөөдөл рүүгээ алх. Явж чадахгүй байна уу? Тэгвэл мөлх. Мөлхөж чадахгүй байна уу? Тэгвэл хэвтээд мөрөөдлийнхөө зүг рүү хар!”   

Өөртөө итгэлгүй байдлаасаа болж мөрөөдлөө орхиж хүмүүсийг би өдөр бүр хардаг. Зөвхөн нэг хоёр л хүн жилээс жилд хичээсээр мөрөөдөл рүүгээ урагшилдаг.

Ван Гог амьдрах хугацаандаа ганцхан зурагаа 50 доллараар зарж чадсан. Гэхдээ тэр ажлаа үргэлжлүүлсээр байв. Жоан Роулинг “Харри Поттер” зохиолыг санал болгоход хэвлэлийн 12 компани татгалзсан хариу өгсөн. “Төсөөлөн бодох чадваргүй” хэмээн Уолт Дисней сонины газраас халагдсан. Суут Бетховен хөгжмийн сургуульд зургаа хүрэхгүй жил сурсан учраас багш нар нь түүнийг хангалттай чадвартай биш гэж үздэг байжээ. Хенри Фордын хувьд машины вант улсыг байгуулахаасаа өмнө дөрвөн ч удаа дампуурлаа зарласан.

Мөрөөдөлдөө хүрэх замд 100 удаа сөхөрч унаагүй хэн ч байхгүй. Иймээс би өөрийн хүрээлэлдээ ямар ч хүнд үед мөрөөдөлдөө хүрэхийг тэмүүлдэг, бууж өгдөггүй ядахдаа л мөрөөдлийн зүг хараад хэвтдэг хүмүүс байгаасай гэж хүсдэг.

3. Хэр үнэтэй уулзалт вэ? Заримдаа би дотны хүнтэйгээ уулзахад хэр их зардал гардаг тухайгаа боддог. Хэр их цаг хугацаа, эрч хүч зарцуулах тухай эсвэл энэ уулзалт надад болон орчлон хорвоод ямар нэгэн өгөөж өгөх талаар эргэцүүлдэг.

Жишээ нь блогтоо нэг нийтлэл бичих хугацаа маань хоёр цаг. Нийтлэлийг минь өдрийн дотор хэдэн мянган хүн уншина гэдгийг би мэддэг. Дараагийн хоёр цагийг би ээлжит залуугаа ярих гэсэн найз бүсгүйтэйгээ уулзахад зарцуулж болно.

Ингээд би өөрөөсөө асуудаг. “За, надад хоёр цаг байна. Энэ хугацааг би мянган хүний бодлыг өөрчлөхөд зарцуулж болно. Эсвэл ямар ч хэрэггүй хүнтэй хийх утгагүй (магадгүй таатай) уулзалтад зарцуулна”.

Би ямар сонголт хийх вэ? Та таах гээд үз дээ?

Ямар ч бодолгүйгээр найзууд, гэр бүлээсээ татгалз гээд байгаа юм биш. Энэ бол тэнэг явдал. Бид хүчтэй байх тусам илүү олон хүн тэрхүү “эрч хүчийг” ашиглах гэж хичээдэг. Та хэнтэй харьцахаа, уулзахаа сонгох эрхтэй.

Зөв хүмүүсийг сонгоё!


Үргэлжлэлийг "Амьдралаа өөрчлөх 100 арга" номоос уншаарай.


1. Интерном дэлгүүрийн бүх салбар
2. Номин УИХ дэлгүүр (Маjestic)
3. Хүргэлт: 88187875