АТГ-аас ХОМ-ээ дутуу мэдүүлсэн албан хаагчдын талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэд бол Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа  нар юм.

АТГ-аас хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн ч удирдлагууд нь тэднийг хуулийн дагуу ажлаас халах бус цалингаас нь хасах төдий арга хэмжээ аваад өнгөрсөн аж. Иймээс АТГ  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад “Хариуцлага хүлээлгэх тухай” албан бичгийг АТГ-аас хүргүүлсэн билээ.

Тэгвэл өчигдөр тэднийг ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгох тушаалыг хариуцсан албан тушаалтан гаргасан байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч даргын албыг хашиж байсан А.Хаянхярваагийн хувьд төрийн албанд зүтгээд цөөнгүй жилийг үдсэн ч ХОМ өгөхдөө хайнга хандсан нь  ийнхүү албаа өгөхөд хүргэсэн бололтой. Учир нь "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байсан мөн ХОМ-ээ дутуу мэдээлсэн ажээ.

Тухайлбал:

  • Өөрийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг түрээслүүлсэн нийт 36 сая төгрөгийн орлогоос 24 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн “Хөрөнгийн орлого” хэсэгт мэдүүлээгүй.
  • Өөрийн өмчлөлийн Lexus RX 350 маркийн автомашиныг худалдсан 15 сая төгрөгийн орлогыг мэдүүлгийн "Хөрөнгө борлуулсны орлого" хэсэгт мэдүүлээгүй.
  • Төрийн банк дахь дансаар хүлээн авсан 20 сая төгрөгийн цалингийн зээлийг мэдүүлгийн "Зээл" хэсэгт тус тус мэдүүлээгүй байна.
  • Мэдүүлгийн “Үйл ажиллагааны орлого” хэсэгт 50 сая төгрөгийн орлогыг үндэслэлгүйгээр илүү мэдүүлсэн нь тогтоогдсон байна.