Төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн ажил хуулийн дагуу энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болсон билээ.

Одоогоор АТГ улсын хэмжээнд нэгдсэн тайлан, дүн мэдээг гаргахаар ажиллаж байгаа аж. Тайлан, дүн мэдээг гаргах хүртэл Төрийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн талаар албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг АТГ-аас мэдэгдлээ

Энэ сарын 13-ны байдлаар улсын хэмжээнд мэдүүлгийн бүрдүүлэлтийн явц байдал 86 хувьтай байсан юм. Төрийн өндөр албан тушаалтнуудын идэвх сул байна. 76 гишүүнээс 26 нь л мэдүүлгээ өгсөн, үлдсэн 50 нь өгөөгүй байх жишээтэй.

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д зааснаар мэдүүлэг гаргахаас татгалзсан болон гаргаж өгөөгүй нь тухайн албан тушаалтны мэдүүлгийг шалгах үндэслэл болдог. Тухайлбал зөрчилтэй мэдүүлсэн хөрөнгө, орлогын хэмжээ нь тухайн албан тушаалтны зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцүү хэмжээний бол албан тушаал бууруулах, нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээтэй байвал албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах сахилгын шийтгэл хүлээхээр заасан байдаг ажээ.