АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. 

Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа

АТГ-аас төрийн байгууллагуудад өгсөн Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Энд зарим төрийн байгууллагад илэрсэн зарим зөрчил, дутагдлын талаар товч мэдээлсэн юм.

  • “Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой 25 нэр төрлийн 46.3 сая төгрөгийн өртөгтэй оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Ингэхдээ тус үйлдвэрийн өмнөх захирлын хувийн оёдлын цехед ашиглаж байсан хуучин оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан  авчээ.
  • Засаг даргын нөөц хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах нь хавтгайрах шинжтэй байгаад АТГ анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нөөц сангийн хөрөнгөнөөс шагнал урамшуулалд нийт 30,8 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байгуулсан гэрээний гүйцэтгэл, уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд  нийт 77.5 сая төгрөг, бусад 10 удаагийн зардалд 46.4 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.
  • ИНЕГ-ын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргуулахгүй байхыг зөвлөсөн. Хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдсаар байна. Тухайлбал, 2017 онд 1,4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О, М нарт 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн.
  • Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчдад шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох асуудал тасрахгүй байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар 3 албан хаагчид нийт 34,2 сая төгрөг, Гэр бүл хүүхэд,залуучуудын хөгжлийн газар 4 албан хаагчид  нийт 7,5 сая төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 3 албан хаагчид 3,2 сая төгрөг тус тус олгосон байгаа нь АТГ-аас хүргүүлсэн Зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.