Хүү зүгээр л хөлбөмбөг тоглохыг хүсчээ. Харамсалтай нь эмээгээсээ зөвшөөрөл аваад хэдхэн цаг тоглоод ирэх нь л түүний эцсийн хүсэлт байсныг мэдсэнгүй. 

Хүү сургуулийн хөлбөмбөгийн талбайд хамт тоглож байгаад найзуудынхаа нүдэн дээр хөлбөгийн талбайн хөндлөвч төмөрт даруулан унажээ. Сандарсан найзууд нь ойролцоо дэлгүүрт очиж энэ тухай дуулгаснаар Цагдаа, Түргэн тусламж ирсэн боловч тэднийг очиход хүү хэдийнэ нас барсан байжээ. Тэр дөнгөж 11 настай 5 дугаар ангийн хүү байлаа. 

Харин хүүхдийн амь эрсдэхэд хүрсэн орчинг бүрдсэн байсныг мэдсээр байж арга хэмжээ аваагүй 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ сайтад өгсөн ярилцлагадаа “Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх. Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ” хэмээн хэнэггүйхэн хариулжээ. Унасан дээр нь өшиглөв гэдэг шиг хүний амь нас эрсдчихээд байхад хүйтэн сэтгэлээр хариулсан түүний үг олон хүний эмзэглүүлэхэд хүрэв. Хүү хорвоогоос явсан ч бусдын доромжлол, хүчирхийлэл амссаар байна. Учир нь хүчирхийлэл бол зөвхөн нударгаар цохих, хөх няц үлдээх биш юм. Хүүхдээ анхаарахгүй байх, хайраар дутаах, итгэлийг нь мохоох, доромжлох, дарамтлах, айлгах, цочоох, хаалгаар мөрлөөд урдуур нь орох гээд олон хэлбэртэй байдгийг тэр бүр томчууд мэддэггүйг түүний үг бэлхэнээ батлана. Хүүгийн авга эгчийн хэлж буйгаар сургуулийн захирал уулзаж ганц үг ч солиогүйд гомдолтой яваа аж.

Тэгвэл ийм асуудалд гадныхан хэрхэн ханддаг тал дээр Японы жишээг авъя. 

Уржигдар Японы Осака хотод  магнитуд 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт болж сургуульдаа очиж явсан 9 настай бяцхан охин сургуулийнхаа бассейны хашаанд даруулж энджээ. Тэд байгалийн гамшиг гэгчийг мэдрэхийн ихээр мэдэрсэн ард түмэн боловч уг асуудлыг зөвхөн газар хөдлөлт рүү чихээд орхисонгүй. Ажлын хэсэг гаргаж тусгай багийнхан нарийвчлан шалгасан байна. Эцсийн дүгнэлтээр сургуулийн байгууламжийн орчимд хашаа эсвэл хаалт хийх өндөр нь 2.2 метрээс дээшгүй байх ёстой гэсэн стандартаас давуулсан нь илэрсэн байна. Энэ явдалд гэмшсэн тус сургуулийн захирал ажлаа өгсөн бол Осака хотын дарга болон хотын боловсролын газрын удирдлагууд очиж эмгэнэл илэрхийлж уучлалт гуйжээ. Шинжээчдийн үзэж буйгаар уг хаалт газар хөдлөөгүй л бол унахааргүй бат бэх хийгдсэн аж. Гэсэн хэдий ч хаалтыг бага зэрэг өндөр хийсэн бас байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнөөс уучлал хүсэн мэхийж байгаа нь энэ юм. 

Япончууд шиг нарийн стандарт ярьдаггүй юм аа гэхэд өчнөөн удаа унаж байсан хөлбөмбөгийн талбайн хөндлөвч төмрийг засч янзалчих, газарт хөдлөхгүйгээр цемэнтлэсэн удаагүй аж. Нэг удаа гагнасан гэх боловч бодит байдал ийм. Яг үнэндээ аль ч сургуулийн хөлбөмбөгийн талбай, биеийн тамирын заал хүүхдүүдэд хүссэнээрээ олддог зүйл биш. Ихэнх сургуулийн удирдлагууд эртнээс мөнгө олох арга хэрэгсэл болгож түрээслэж ирсэн нь ч нууц биш. Олсон мөнгөөрөө ганц хөндлөвч төмөр тогтоочихоогүй нь л хүүхэд тоглож яваад амиа эрсдэх нөхцлийг нь бүрдүүлсэн хэрэг. 

Долоо хоногийн өмнө бас л хүүхдийн паркийн пуужин тоглоом хугарч дотор нь сууж байсан хүүхэд бэртэж гэмтэн одоо ч хэвтэн эмчлүүлж буй. Бас Замын цагдаагийн албанаас саяхан мэдээлэл хийхдээ нэг жилд 60 орчим хүүхэд буюу ЕБС-ийн 2 ангийн хүүхэд тэр чигтээ ослын шалтгаанаар нас бардаг гэсэн мэдээлэл хийсэн удаатай. Тэдний ихэнх нь хөдөө орон нутгийн замд гарсан осолд өртдөг, эсвэл хашаандаа, тоглоомын талбайд тоглуулж дайруулж амиа алддаг гэсэн юм. 

Яамны зүгээс хөлбөгийн талбай дээр амиа алдсан хүүгийн асуудал дээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа юм билээ. Тэглээ гээд дорвитой шийдвэр гарч Япончууд шиг уучлалт гуйн мэхийх нь юу л бол. Ядаж л цаашид нэг ч хүүхдийг тоглоомын талбай дээр эндэхгүй байх орчныг нь бүрдүүлээсэй билээ дээ.