Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүй байдлаас үүдэж байна.

Иймд:

 -Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

 -Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

 -Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.

Манай улсын 0-5 хүртэлх насны хүүхдэд тохиолдож буй осол гэмтлийн нэгдүгээрт түлэгдэлт өвчин байна. Хүүхдүүд гэртээ түлэгдэж байна:

~ Халуун тогоог газарт байрлуулж хоол цайг хийж байна.

~ Өрхийн цахилгаан утас, залгуурын байршил тохиромжгүй байгаа нь түлэгдэх шалтгаан болж байна.

~ Гэрийн зууханд тусгаарлалт байхгүйгээс болж хүүхдүүд халуун яндан, зууханд хүрдэг.

~ Ус буцалгагчийг зориулалтын бус газарт байршуулснаар хүүхдүүд товчлуур дээр дарж хөлөө түлдэг.

~ Хүүхдийг усанд оруулахдаа халуун усыг түрүүлж хийгээд хүүхдээ анзаарахгүй орхиж байна.