Хүүхдийн зохиолч, сэтгэлзүйч Адъяагийн Найгалмаа зөвлөж байна

Юуны өмнө хүүхдийг шийтгэх зорилгоор харанхуй өрөөнд оруулж хэрхэвч болохгүй. Энэ нь бие махбодын шийтгэлээс ч  хүнд цочролд оруулдаг байна.

Бага насны хүүхдүүд танихгүй хүнээс, харанхуйгаас, хэт том зүйлсээс, нохой, муурнаас, нялцгай биетээс, цус, шавж гэх мэт янз бүрийн зүйлээс айдаг. Тухайлбал 4-6 насанд гол төлөв бодит биш хийсвэр айдас давамгайлдаг ажээ. Тухайлбал харанхуйгаас, мангасаас, сүнснээс, чанга дуу чимээнээс гэх мэт.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ чухам юунаас айгаад байгааг мэдэх хэрэгтэй.
Айдас нь үнэн эсэхийг анзаарах хэрэгтэй. Хэрвээ ганцаараа унтах дургүй бол хүүхэд гэрэл унтраахаас татгалзах, харанхуйгаас айж байна гэж уйлна. Энэ бол хуурамч айдас юм. Иймээс:
- Харанхуйгаас айдаг хүүхдэд тод, хурц, бүдэг гэрлийн тухай мөн харанхуй болно гэдэг бол өдрийн үргэлжлэл гэдгийг тайлбарлаж өгөөрэй!
- Харанхуйд байх дасгалыг бага багаар хамтдаа хийгээрэй!
- Аль болох багаас нь гэрэл унтрааж унтуулж сургах!
- Харанхуйн тухай зураг зурж харилцан ярилцах
- Хамт байж гэрэл унтраан буцааж асаагаад бүх зүйл байрандаа юу ч өөрчлөгддөггүй гэдгийг үзүүлээрэй!
- Орой унтахын өмнө хэт их инээлгэх эсвэл аймшигийн үлгэр ярьж өгөх хэрэггүй!


Эх сурвалж: Хүүхдийн зохиолч, судлаач Адъяагийн Найгалмаа