Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн "Коппелия" буюу "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр тайзнаа толилуулна.

Энэ жил тус балетыг УДБЭТ-ын тайзнаа анх тавьсны түүхт 52 жилийн ой тохиож байгаа юм. Энэхүү гайхалтай балетыг анх 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотноо "Гранд Опера" театрын тайзнаа амилуулсан байдаг. Харин манай улсад анх 1966 онд тайзнаа тоглосон түүхтэй. Гурван бүлэг, таван үзэгдэлтэй уг балетыг УДБЭТ-ын тайзнаа анх Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Жамъяндагва хөрвүүлэн дэглэж, удирдаачаар нь Н.Намсрайжав, Ч.Жамсранжав, УГЗ Н.Туулайхүү, зураачаар нь Д.Сүхбаатар нар ажиллаж байжээ.

Уг бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг бүжгэн жүжигтэй хослуулдгаараа онцлогтой. Энэхүү балетыг хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гол дүрийн эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг юм. Дэлхийн олон оронд "Хүүхдийн заавал үзэх жүжиг" жагсаалтад энэхүү балетыг оруулсан байдаг.

Гол дүрүүд болох Сванильдад гоцлол бүжигчин Г.Маргад-Эрдэнэ, Францад Д.Нацагдорж, Коппелиусид Х.Ганбаатар нар гоцолно.

Тоглолтын тасалбар нь 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй аж.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг