Бага насны хүүхэд, эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмддэг гурван бүлэг зургаан этгээдийг цагдаа нар өнгөрсөн сарын 29-30-нд шилжих шөнө дайчлан баривчилаа.

Нийслэлийн цагдаагийн газар /НЦГ/-ын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран дээрэмдэх гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Бүлэг-2019” хэсэгчилсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 11-ний өдрөөс эхлэн зохион байгуулжээ.

Энэ хүрээнд дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгддэг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр 22.00 цагаас 04 цаг хүртэл 87 алба хаагч, 64 чиглэлд эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэхдээ дээрх гэмт этгээдүүдийг илрүүлжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг