“Хүн болох” үндэс суурь бага насанд тавигддаг. Хүүхэд бүр хүмүүний зан чанар, харилцааны үнэт зүйлсийг багаасаа эзэмшиж, төлөвших нь тэдний насан туршийн ажил, амьдралд шийдвэрлэх үүрэгтэй.

 Хүний хөгжил, төлөвшлийн судалгаагаар нийгэмшихүйн чадамж (EQ) нь оюуны чадамж (IQ)-ийн суурь шийдэл буюу хүний амжилтын үндэс болохыг нотолж байна. 

Энэ нь манай ард түмэн хүмүүний “зүрх сэтгэлийн хөгжил”-ийг чухалчлан “Санаа зөв бол заяа зөв”, “Дотоод сэтгэл зөв бол гадаад үйл зөв” хэмээх сургаалыг эрхэмлэн үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн уламжлалтай утга нэг юм. Иймд хүүхэд өөртөө итгэх, өөрийнхөө онцлог, давуу талыг мэдрэх, хүмүүст анхаарал тавих, холбоо харилцаа тогтоох, мэдээлэл солилцох, оролдлого, зүтгэлтэй байх, хийж буй үйлээ ойлгох, тууштай хандах боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ бий болдог. 

Ямар үр дүнд хүрэх вэ?

 • Хүүхэд, өөрийн болон хүмүүсийн зан байдал, сэтгэл хөдлөлийг мэдэрч, өөрийнхөө талаар өөдрөг сэтгэгдэлтэй, өөртөө итгэлтэй байна. 

• Өөрийн сонирхол, давуу тал, бүтээлч, тууштай, санаачилгатай, идэвх чармайлтаа чөлөөтэй илэрхийлнэ.

• Хүмүүсийн ялгаатайбайдлыг ойлгожхүндэлнэ, үеийн хүүхэд, найз нөхөд, хүмүүстэй тоглоом, эд зүйлсээ хуваалцаж хамтран тоглож, тэднээс тусламж хүсч талархана.

 • Уламжлалт ёс заншлыг дагаж тогтоосон дүрэм журмыг мэдэж, харилцаанд тулгарсан асуудлыг өөрийн хэмжээнд шийдвэрлэнэ

Ямар чадвар эзэмших вэ? 

1. Өөрийгөө мэдрэх, илэрхийлэх

 2. Өөртөө үйлчлэх, оролцоотой байх 

3. Сэтгэлийн хөдөлгөөнөө зохистой илэрхийлэх 

4. Асуудлыг өөрийн хэмжээнд шийдвэрлэх 

5. Бусдыг мэдэрч ойлгох

6. Насанд хүрэгчидтэй харилцах 

7. Үеийн хүүхдүүдтэй харилцах 

8. Бусад хүүхэд (өөрөөсөө насаар ах, дүү)-тэй харилцах

 9. Орчны өөрчлөлтөд дасах 

10. Хүмүүсийн хоорондох ялгаатай байдлыг ойлгох, хүндэтгэлтэй хандах 

11. Оролдлоготой, санаачилгатай, тууштай байх 

2. Дүрэм журмыг ойлгох, мөрдөх Чадвар

Нийгэмшихүйн чадамжийг хүүхэд суралцахуйн чиглэлүүд болон өдөр тутмын бүхий л үйл ажиллагааны явцад эзэмшинэ. 

Ямар үйлээр дэмжих вэ? 

•Хүүхдийн сэтгэл санааны байдлыг ажиглаж мэдрэх, ойлгох, мөн баяр хөөртэй яриа, уйтгарласан тухай сонсож, сэтгэл санааг тайвшруулаж, хүндэтгэж харилцана.

• Хүүхдэд өөрийнхөөрөө үйлээ төлөвлөх, төлөвлөснөө хэрэгжүүлэх, сурсан зүйл, туршлагаа давтах, сэргээн санах боломж олгоно. (Жишээ нь: Өнөөдөр юу хийхээр төлөвлөсөн бэ?) 

• Хүүхдэд өөрийгөө ойлгуулах, хийсэн үйлдлээ тайлбарлах боломж олгоно.

• Хүүхдийг ажиглаж давуу талыг илрүүлэх, өөрийгөө таньж мэдэхтэй холбогдох үйл ажиллагаанууд зохион байгуулна. 

• Багш хүүхдүүдэд өөрийнхөө чадвар, хүч, хурдыг мэдрэх, өөртөө итгэх итгэл, мэдрэмжийг төрүүлэх олон төрлийн үйл ажиллагааг (өрсөлдүүлэхгүй байхад анхаарах) зохион байгуулна. 

•Багш өөрийн сэтгэлийн хөдөлгөөн, байдлаа үгээр илэрхийлж, дуу хоолойн өнгө, үйл хөдлөл, хандлагаараа үлгэрлэн харуулна. 

• Багш ангидаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа олон хэлбэрээр хүүхдэд сонирхолтой, өөрсдөө шийдвэр гаргах боломжийг олгож, гаргасан шийдвэрээ хэлэлцэх, хамтрах тухай ярилцана.


Азийн Хөгжлийн Банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийсэн судалгаа