Сурна гэдэг заавал уншиж, тоо бодож сурах биш. Хүүхэд маш олон зүйлийг хичээлээс гадуур сурч байдаг. Тэдний хичээлээс гадуур сурсан зүйлс нь ирээдүйн амьдралд нь маш чухал амьдрах чадварын суурь болдог. Эцэг эх бүр хүүхдээ бие даасан хүн болж өсгөхийг хүсдэг. 

Тэгвэл энэ бүхэнд гэртээ зааж болох дараах хичээлүүд багахан ч болов тусална


1. Мөнгө хадгалах, зарцуулах

Хүүхэд 7 наснаас эхлэн мөнгө хадгалах дадлыг эзэмшдэг байна. Үүнээс өмнө хүүхэддээ мөнгө өгч, мөнгөндөө хариуцлагатай байхыг заах хэрэгтэй. Тэдэнд мөнгөө хэрхэн зарцуулах, хадгалахыг зааж өг. Арай томрох үед нь мөнгөний дэвтэр нээж өгвөл илүү үр дүнтэй. Энэ нь тэдний хувийн хадгаламжийн дэвтэр болох юм.


2. Хоолны жор дагах

Хүүхэд гал тогооны өрөөнд танд туслах нь боловсролын хувьд маш үр өгөөжтэй гэнэ. Нэн ялангуяа хоолны жор унших нь хүүхдэд шат дараалал, эмх цэгцийг сургадаг үр дүн сайтай арга гэж судлаачид үзжээ. Түүгээр зогсохгүй, энэ нь хүүхдэд тэвчээр суулгадаг. Учир нь шат бүр өөрийн онцлогтой, нэг шатыг дуусгасны дараа дараагийн шат руу ордог. 

Хүүхдийн хоолны номууд төрөл бүрээрээ байдаг учраас эхлээд бага насны хүүхдэд энгийн, ажиллагаа багатай хоолны жор өгөх хэрэгтэй. Гэхдээ хүүхдийг хутга, халуун тогоо зэргээс хамгаалахаа мартаж болохгүй.


3. Цаг заах

Орчин үед бараг бүх цаг дижитал болсон. Гэсэн хэдий ч хүүхдэд энгийн цаг хэрхэн уншихыг зааж өгөөрэй.


4. Хувцас угаах

Хүүхдээ хувцас угаах ажилд оролцуулаарай. Энэ нь тэдэнд хариуцлагатай байхыг суулгана. Бага насны хүүхдээр бохир хувцсыг ангилуулах, өөрийн бохир хувцсаа сагсанд хийлгэх зэрэг нь тэдний сэтгэхүйг хөгжүүлэх нэг дасгал юм. 

Ялангуяа 3-аас бага насны хүүхдээр оймснуудыг өнгө өнгөөр нь ялгуулах, хувцсыг төрлөөр нь ялгуулах дасгал хийлгээрэй. Арай томроход нь угаалгын машинд хувцсаа хийх, тохирсон хэмжээний угаалгын нунтаг хийлгэх, угаалгын машин хэрхэн ажиллуулахыг зааж өгөх хэрэгтэй.


5. Гутлаа үдэх

Хүүхэддээ өөрөө гутлаа үдэхийг зааж өгөх нь бие даах чадвар, асуудал шийдвэрлэх чадварыг багаас нь суулгах нэг арга юм.


6. Майхан барих

Аялал, зугаалга нь хүүхдэд жинхэнэ адал явдал байдаг. Хүүхэд өөрөө майхан барьж сурснаар цаашид өөрийн ачаагаа бэлдэх, өөрийгөө бэлтгэлтэй байлгаж сурна. Майхан барих нь мөн л бие, тархийг идэвхтэй байлгадаг чухал арга юм. Заавал зугаалгаар явахдаа ч биш, гадаа парк, гэр дотроо ч хүүхдээрээ зааварчилгааг нь уншуулж, өөрөөр нь майхан бариулах хэрэгтэй.


7. Ор хөнжлийн даавуугаа солих

Ор хөнжлийн даавууг хүүхдээр өөрөөр нь солиулах хэрэгтэй. Хүүхдийн наснаас хамаараад энэ нь хүүхдийн биеийн хөгжилд бас үр дүнтэй арга гэжээ.


8. Аяга угаах

Бага насны хүүхдэд тоглох хэлбэрээр хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, хуванцар савыг угаалгаж, арчуулна. Томрох тусам нь угаалгах аяга, тавгийг нь жинхэнэ болгоод үзээрэй. Гэхдээ хурц ирмэгтэй хутга, сэрээ зэргийг өгөхгүй байхыг зөвлөж байна.


9. Яаралтай тусламжийн дугаар зааж өгөх

Хүүхэддээ яаралтай тусламжийн үед залгах 101, 102, 103 дугаарууд, гэрийн хаягийг нь бас зааж өгөөрэй. Ингэснээр хүүхэд ямар ч нөхцөлд өөрийн аюулгүй байдлаа хангах, аюултай зүйлсээс сэргийлэх боломжтой. Харин дээрх дугааруудад олон хүн ажиллаж, хөдөлмөрлөдөг болохыг ойлгуулж, тоглоомоор залгахгүй байхыг анхааруулах н зүйтэй.


10. Бэлэг боох

Хэн нэгний төрсөн өдөр, тэмдэглэлт өдрийг хүлээх хэрэггүй. Янз бүрийн хэлбэр хэмжээтэй эд зүйлийг цаас, скочоор боолгоорой. Энэ нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байна.


11. Дугуй унах

Дугуй унах нь хүүхдэд олон боломжийг нээж өгдөг. Хүүхэд 2 настай ч бай, 12-той ч бай дугуй унахыг зааж өг. Энэ нь хүүхдэд тэнцвэр барих, инстикт, рефлексийг заадаг байна.


12. Юм оёх

Хүүхэддээ анхан шатны утас зүү барих чадвар зааж өгөх хэрэгтэй. Хүүхдийн насанд тохирсон оёдлын хэрэгсэл байдаг. Жишээлбэл, бага насны хүүхдэд хуванцар зүү, утас өг. Тэдэнд товчоо оёх, цамцныхаа цоорхойг оёх зэрэг бяцхан даалгавар өгөөрэй.


13. Захидал бичих

И-мэйл, мессеж бичих нь хамгийн энгийн ажил боловч хүүхэддээ бичих урлагийн анхан шатны хичээлийг зааж өгөөрэй. Бага насны хүүхэд бичиж чадахгүй учраас зураг зуруулаад, түүнийг нь дугтуйнд хийж, марк наалга. Уншиж, бичиж сурсных нь дараа хүүхдээр илүү урт захидал бичүүлж, түүнийг нь яг л захидал мэт боож өгөөрэй.


14. Хоол хүнсээ төлөвлөх

Хоол хүнсний хаягдал бидний хамгийн том асуудлын нэг болж байна. Хүүхэддээ багаас нь хоол хүнсээ төлөвлөж, худалдан авч, өөрөө хийхийг зааж өгөөрэй. Долоо хоногийн нэг өдөр хүүхдээрээ хоол хийлгэ. 

Ингэснээр хүүхэд өөрт байгаа бэлэн материалыг тооцож, авах ёстой зүйлсээ жагсааж, төсөвтэй тохируулах зэрэг олон даалгаврыг хийнэ. Энэ нь хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөөд зогсохгүй цаг баримтлах, асуудал шийдвэрлэх, эрүүл хооллох зэрэг чухал ач холбогдолтой дасгал юм.


15. Цэцэг тарих

Танай гэр заавал том цэцэрлэгт хүрээлэнтэй байх шаардлагагүй. Хүүхэддээ цэцгийн бяцхан сав өгөхөд л хангалттай. Тэдэнд жимсний, цэцгийн үр өгөөд өөрсдөөр нь тариулаарай. Энэ нь бүх насны хүүхэд хийж болох маш хэрэгтэй бас зугаатай дасгал юм. Хүүхдээр өөрөөр нь цэцэг услуулж, арчлуулах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд хариуцлага, тогтмол хэв маяг, дадал зуршил сурдаг байна.


16. Гутлаа цэвэрлэх

Хүүхэд гадаа тоглоод ирэхдээ шавар, шороо болсон гуталтай орж ирэх нь түгээмэл. Тэдэнд гутлынхаа шавар, шороог цэвэрлэхийг зааж өгөх хэрэгтэй.