АНУ-д олон зуун бугыг хууль бусаар агнасан Дэвид Берри гэгч этгээдэд нэг жил шоронд хорих ялыг Миссури муж улсын Шүүх ногдуулсан байна. Түүнчлэн тэрбээр ял эдлэх хугацаандаа “Уолт Дисней” компанийн дэлгэцийн уран бүтээл “Бэмби” хүүхэлдэйн киног сар тутам үзэхээр болжээ.

Берригийнхэн буюу Д.Берригийн аав, хоёр ах болон тэдэнд ан хийх, загасчлах хийгээд түр болон байнгын урхи тавихад нь тусалсан өөр нэг эрэгтэйд 51 мянган ам.долларын торгууль ногдуулсан байна.

Д.Берри эхний “Бэмби” киног энэ сарын 23-наас өмнө үзсэн байх бөгөөд түүнээс хойш сар тутамд наад зах нь нэг удаа тус киног үзэх ажээ.

Канзас, Небраска муж улс болон Канадад гарсан хууль бус бугын анг цагдаагийн газрын ажилтнууд есөн сар орчмын турш мөрдсөний дүнд өнгөрсөн наймдугаар сард Д.Берригийн аав болон ахыг баривчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны дүнд 11 тойрогт гарсан 230 хэрэгт холбогдогч нийт 14 иргэнд ял ногдуулсан байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AP