ШШГЕГ-ын 461-р Цагдан хорих байранд шүүгч амиа алдсан хэргийн талаар Д.Оросоо, Т.Пүрэвхатан, Ц.Билэгсүх, Л.Болормаа, Г.Баясгалан нарын хуульчид мэдээлэл хийж байна. Тэд энэ асуудал бол ганц шүүгчийн хэрэг биш, ард нь хүний амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа учраас ҮАБЗ-д хандахаар болсон гэв.

Хуульч Д.Оросоо:

Өнөөдөр хамгийн эрсдэлтэй ажлын байр төрийн алба боллоо. Энэ бол зүгээр нэг тохиолдол биш. Иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалж чадахгүй байна. Үүнийг ЗТЯ-нд гарсан хүн амины хэрэг, Баянзүрх дүүргийн тамгын газрын дарга өрөөндөө хутгалуулсан, цэргийн албанд явсан албан хаагч амь насаа алдсан хэргүүд батална. Эцэст нь саатуулагдах байранд хуульч амиа алдлаа. Уг нь бид Үндсэн хуульдаа амьд явах эрхээ баталгаажуулчихсан. Үндсэн эрх зөрчигдөж байгаа энэ үед ҮАБЗ анхааралдаа авах ёстой. 

Хуульч Л.Болормаа:

Өнөөдөр Монгол улсад хүний амьд явах эрх зөрчигдөж байна. Төрийн албан хаагч нар амь эрсдэж байна. Тиймээс бид ҮАБЗ-д сонордуулга хүргэхээр болсон. Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардаж байгаагаа мэдэгдэе. Яагаад гэвэл төрийн албан хаагч амь насаараа хохирсон бас нийгмийн зүгээс хүнд дарамт амсаж давхар хохирч байна. Нөхцөл байдал ийм байхад Ц.Нямдорж сайд ямар мэдээлэл хийсэнгүй, уучлалт ч хүсээгүй. Тухайн хэргийн шалтгаан нөхцөлийн талаар ямар ч асуудал тавиагүй. Амиа алдсан хуульчийг 5 дахь өдөр баривчилсан байгаа юм. Тухайн үед ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй, нас барсных нь дараа 7 цагийн дараа л мэдэгдсэн зэрэг зөрчил гарсан байхад юу ч дуугарахгүй, анхаарал хандуулахгүй байгаа нь огцрох хангалттай шалтгаан юм.