УИХ-ын 2017-2018 оны намрын чуулганаар батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай, Банкны тухай болон Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанк өнөөдөр ёслол төгөлдөр хүлээн авлаа. Эх бичвэрийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын Их Хурлындарга М.Энхболд УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны дарга Д. Дамба-Очир, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, УИХ-ын гишүүн Я. Содбаатар, Улсын Их Хурлын Тамгын Газрын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон болон бусад байгууллагын төлөөлөл оролцов.


Ёслолын үйл ажиллагааг Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц. Цэрэндорж морин хуурын татлагаар эхлүүлж, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нээж үг хэлэв.

Ийнхүү хүндэтгэлийн ёслолыг нээснээр УИХ-ын дарга М.Энхболд хуулийн эх бичвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд гардуулан өглөө. Тэрээр эх бичвэрийг гардуулан өгөхдөө батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар тухайлан онцлоод, гагцхүү хуулийн хэрэгжилтийг чанд сахин мөрдөхийн тулд нягт нямбай, хариуцлагатай ажиллахыг хууль хэрэгжүүлэгч нараас хүссэн юм. 

Монголбанк банк, санхүүгийн салбарын эрх зүйн шинэтгэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд нийт 10 гаруй хуулийн төслийг санаачлан боловсруулахаас шинээр 1 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 хуулийн төслийг тус тус батлуулаад байна.