АНУ-ын коллежид суралцахыг хүссэн Хятадын ахлах сургуулийн оюутнууд хилийн чанадыг зорин SAT, ACT шалгалт өгөх болжээ. Тиймээс энэ чиглэлийн бизнес өсөн нэмэгдэх болсон тухай Бээжингийн Залуучуудын өдөр тутмын сонин мэдээлжээ.

АНУ-ын коллежууд өргөдөл гаргагчдын SAT(Scholastic Assessment Test) болон ACT(Америкийн коллежийн тест) оноог чухалчилдаг ч Хятадын эх газарт тус тестүүдийг өгөх боломжгүй аж. Хятад оюутнууд шалгалт өгөхийн тулд Хонконг, Макао, Тайвань, эсвэл Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Сингапур зэрэг хөрш зэргэлдээ улсуудыг зорих шаардлагатай. Хонконгийн АзиВорлд-Экспо нь эх газартай ойрхон, өртөг багатай тул хамгийн алдартай нь юм.

Тус нийтлэлд бичсэнээр оюутнууд хүссэн оноогоо авахын тулд дор хаяж гурван удаа шалгалт өгдөг. Гадаад улсыг зорих аялал тус бүр 5000-8000 юань ($735-$1176)-ийн өртөгтэй байдаг. Асар их ашиг, орлоготой өргөжиж буй зах зээлийн тодорхой хэсгийг эзлэхийг хүссэн аяллын компаниуд, жуулчлалын агентлаг, боловсролын институтууд тэр дундаа улсын зарим сургуулиуд тестэнд зориулан групп аяллыг зохион явуулах болжээ.

Гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутнуудад зориулан улсын сургуулиуд дор хаяж 15 олон улсын тэнхим, ангитай болсон байна. Одоогийн байдлаар Бээжинд олон улсын сургуулиудын тоо 85 давсан байна. 

Боловсролын байгууллагуудын зохион явуулдаг аялалд зочид буудал, онгоцны тийз, тестийн өмнөх бэлтгэл сургалт, шалгалтад хамрагдах зардлууд багтдаг байна. Хонконг руу дөрвөн өдрийн аялал 5000-6000 юанын үнэтэй байдаг бол Сингапур, Япон, Өмнөд Солонгос руу аялах зардал 8000 юань байдаг.


Эх сурвалж: https://www.chinadaily.com.cn