Гашуунсухайт Ганц модны боомтыг чиглэсэн нүүрс тээврийн цуваа өчигдрөөс багасч байна. АТҮТ-ийн албан тушаалтнууд Хятад улсын талтай уулзаж тохиролцож нүүрсний таталтыг хийж эхлэжээ. Ингэснээр 30-40 минут тутамд нэг машин хил гарч байгаа юм. Ийнхүү удаашрах болсоныг Хятадын талаас хил нэвтрүүлэх ухаалаг систем нэвтрүүлэхтэй холбон тайлбарлаж буй. Мөн 10 дугаар богд тодруулах зорилгоор Түвдийг зорьсон нь албан бус хориг, шантааж эхлүүлэх болсон зэргээр олон тайлбар хөвөрч байна. 

Уг нь хэвийн үед тус боомтоор нүүрс тээврийн машин 7-10 минутад нэвтэрч, өдөртөө 1000-1200 машин хил гардаг байжээ. Өнөөдрийн байдлаар өдөртөө 200 орчим машин л хил гарч  байгаа сурагтай. Дөнгөж 60 машин нэвтрүүлсэн өдөр ч бий. Сар шахам дугаарласан нүүрс тээврийн жолооч нарын хувьд зам ширтэн, өдөр хоногийг машиныхаа бүхээгт хүндхэн өнгөрүүлж байгаа талаар Баян зам тээвэрчдийн холбоо ТББ -ын тэргүүн М.Нямжав хэллээ.

Үүнтэй холбогдуулан “Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иуд уурхайн ачилтаа зогсоон машинуудаа зогсоож эхэлсэн талаараа мэдэгдэл гаргажээ.

Энэ нь мэдээж импортын хоригтой холбоотой. Steelguru.com сайтад уг хоригийн талаар ийнхүү бичжээ. Хятад улсын хамгийн том коксжих нүүрс импортлогч орон нь Австрали, Монгол юм.  Хятад улс 2019 оны 1 дүгээр сар хүртэл нүүрсний импортоо хязгаарлаж, зарим боомтуудын импортыг зогсоосон. Тэд төсөөлснөөс хүйтэн өвөл л болохгүй бол хоригоо цуцлахгүй гэсэн байр суурьтай байгааг ч мөн дурьджээ. Ингэснээр хөрөнгийн биржэд нүүрсний үнэ огцом савлаж 60 ам долларт хүрээд байгаа юм. Энэ оны 2 дугаар сард нэг тонн нүүрсний үнэ 90 ам долларын үнэтэй байжээ. Гэхдээ Хятадын талаас энэхүү импортын хоригоо гэнэтхэн тавьчихаагүй. Жилийн дунд үеэс нүүрс импортоо танах, хязгаарлах бодлого барьж байгааг хурал чуулганыхаа үеэр нийлүүлэгч дуулгаж байсан юм. Одоогоор Фүжянь, Жянсү зэрэг муж импортоо зогсоох мэдэгдэл аваад буй. Хэрэв шийдвэр гаргагчид ирэх оны нүүрсийг урьдчилан захиалахыг зөвшөөрөхгүй бол ирэх сард импорт огцом буурч болзошгүй, учир нь өнгөрсөн оны 270 сая тонн түүхий, 70 сая тонн коксжсон нүүрсний нөөцөөс давуулахгүй гэж Хятадын мэдээллийн сайтууд дээр гарсныг хэвлэлүүд дурьдаж. Австрали улс энэхүү хоригоос болж нүүрсээ Энэтхэг рүү гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Манай улсын хувьд төмөр зам тавьчихвал коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Хятадын зах зээлд дажгүй тоглоод байх боломж бий ч бүдүүн нарийн цариг ярьсаар чөтгөрийн тойрогтоо эргэлдсээр өнөөдрийг хүрсэн.

Улсын төсөвт чамгүй хувь нэмэр оруулдаг нүүрсний салбараас бид ирэх жил ихийг хүлээж буй. Улсын төсөвтөө ч ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөчихсөн. Нэг тонн нүүрсний үнийг 70-130 ам.доллароор тооцсон гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ярьж байсныг өнөөдөр шалдаа бууж 60 доллар хүрсэнтэй харьцуулан бодоход нүүрсээс хамааралтай орлого талдаа ч хүрэхгүй байх магадлалтай. Өнгөрсөн жил манай улс 47,5 сая тонн коксжих нүүрс олборлож, 33.3 тонныг экспортлосон нь түүхэн дээд рекордоо тогтоосон. Гэвч энэ нь коксжих нүүрсний гол экспортлогч Австралид байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх үед нүүрсний үнэ өсдөг нь бичигдээгүй хуулиар олсон ашиг, аз тохиосон зүйлс төдийг тооцоогүй бололтой. 

Энэ жилийн хувь Хятад улсын талаас гангийн үйлдвэрлэлээ бууруулсан нь экспортод сөргөөр нөлөөлж эхлэсэн билээ. Хэрэв энэ чигээрээ Хятад улс импортыг танах бодлого барьсаар байвал ирэх жил гаргахаар төлөвлөж буй олон нийтийн өмчит "Эрдэнэс таван толгой" ХК-ийн хувьцааны арилжаанд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байдалд хүрээд байна.