Өнөөдөр Өмнөд Солонгосын хууль зүйн яам тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийн тоог улс улсаар нь танилцуулжээ.Хууль бусаар оршин суугч гадаад иргэдийн асуудлаар Өмнөд Солонгосын парламентын ажлын хэсэг засгийн газарт аудитын шалгалт явуулж байгаа юм. Үүний үр дүнд одоогийн визний бодлогын цоорхойг олж, засварлах зорилготой байна.

Судалгаагаар хамгийн олон нь буюу 36 хувь нь (120,000 орчим) Тайландын иргэд байна. Хятадын иргэд нийт гадаад иргэдийн бараг тал нь (1.059 сая) болж байгаа ч 6.7 хувь нь (70,000 орчим) хууль бусаар суугаа ажээ.

Монголоос Өмнөд Солонгост нийт 44,272 хүн оршин сууж байгаагийн гуравны нэг орчим нь буюу 15,478 хүн хууль бусаар амьдарч байна.

Казахстаны 30,525 иргэний бас гуравны нэг орчим нь (11,746) визний хугацаа хэтрүүлэн оршин сууж байгаа гэнэ.

Тайланд, Хятад, Монгол, Казахстаны иргэд нийт хууль бус цагаачдын 65 орчим хувийг бүрдүүлжээ.