Хятадад цахим худалдаагаар тэргүүлдэг JD, Suning цахим худалдааны платформууд "iPhone" гар утсыг өнгөрсөн долоо хоногоос хямдрууллаа.

Тодруулбал, JD сайтад "iPhone 8" гар утасны үнэ 3999 юань, "iPhone 8 plus" гар утасны үнэ 4799 юань болж буурсан байна. Энэ нь Apple компанийн албан ёсны сайтад худалдаж байгаа үнээс 1100, 1200 юаниар тус тус хямд байгаа юм.    

Suning платформын хувьд, зөвхөн "iPhone 8" гар утсыг хямдралтай худалдаад зогсохгүй, шинэ загвар болох iPhone XR утсыг ч мөн хямдруулан худалдаж байгаа юм байна.  "iPhone XR" гар утсыг урамшууллын эрх ашиглан 5799 юаниар худалдан авах боломж олгожээ. Энэ нь мөн л 1200 юаниар хямд гэсэн үг юм.

JD-н хувьд "iPhone" гар утсыг борлуулах албан ёсны онцгой эрхтэй болсноор ийнхүү бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж байгаа бол, Suning оны сүүлийн урамшууллын арга хэмжээгээ үргэлжлүүлж байна хэмээн тайлбарлалаа.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг