БЭЭЖИН. /ТАСС/. Далайн түвшнээс 1980 м өндөрт байрлах Хятадын хамгийн өндөр, явган хүний шилэн гүүрийг тус улсын Сычуань мужийн Ваньюань тойрогт байрлах Батайшань хэмээх уулархаг газарт нээжээ.
 
Хятадын төв телевизийн мэдээлснээр, хоёр уулын оройг холбосон тус гүүр нь газраас 186 м өндөрт байрлах бөгөөд 66 давхар барилгатай дүйцэхүйц аж. 2,5 м өргөнтэй тунгалаг шилэн тавцангаас бүрдсэн гүүрний урт нь 198 м гэнэ.
 
Өнгөрсөн сарын эхээр тус гүүрийг барьж дууссан хэдий ч нэг сар туршилтын хугацаанд байсан аж. Гүүрийг барих төсөлд нийт 10 сая юань буюу ойролцоогоор 1,58 сая ам.долларыг зарцуулжээ.
 
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нд Хятадын Хэбэй мужид дэлхийн хамгийн урт явган хүний шилэн гүүр нээгдсэн юм. Тус гүүр нь 4 см зузаан 1077 хавтантай, 488 м урт аж. Гүүр нь 2000 хүн даах хүчин чадалтай хэдий ч нэг дор 500 хүн гарах л боломжтой гэнэ. Энэ нь Хятадын Пиншань хошууны Хунъягу суурины хоёр уулыг холбосон гүүр ажээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг