Орчин үеийн Хятадын архитектор Дэн Шиаопинг “Баяжих гайхалтай” гэсэн алдарт уриаг гаргаж эдийн засгийн эрс шинэчлэл хийгдэх эхлэлийг тавьсан ба үүгээрээ дэлхийн түүхийг өөрчилж чадсан. 

Хятад улс баяжсан. Таргалсан. Хятад улсад илүүдэл жинтэй, таргалалттай 100 сая гаруй хүн байдаг. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хийсэн судалгаагаар 20 нас хүртэлх хөвгүүдийн 23%, охидын 14% таргалалттай эсвэл илүүдэл жинтэй гэсэн дүн гарчээ. The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүнгээс үзэхэд 2016 оны байдлаар Хятад улс таргалалттай хүмүүсийн тоогоороо дэлхийд тэргүүлж байна. 

Хятад бол Хятад шүү дээ. Мэдээж тэд урт хугацааны төлөвлөгөө аль хэдийн гаргачихсан байгаа. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн “Эрүүл Хятад 2030” хөтөлбөр нь байгаль орчны менежмент, эрүүл мэнд, хүнс болоод эмийн аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийн салбаруудыг хамарч чаджээ.

Уламжлал ёсоор Хятадын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо нь анхан шатны түвшинд ч, олон нийтийн түвшинд ч тэр нөөц, бололцоо багатай, урьдчилан сэргийлэх бус өвчилсний дараа эмчлэхэд чиглэдэг байсан. Хятадын эдийн засаг сэргэн өөрчлөгдсөнөөр хүн амын хоолны дэглэм өөрчлөгдөж, байдлыг улам дордуулсан. Үеийн үед тэнцвэртэй байсан Хятад хүмүүсийн хоолны дэглэмд давс, сахар, тосны өндөр агууламжтай, бага өртөгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд нэвтэрчээ. 

“Эрүүл Хятад” хөтөлбөр нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байгаа. 2020 он гэхэд хүн амыг нийтэд нь хамрах, орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхээр зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн боловсролын хичээлийг нэмж өгчээ. Одоогийн байдлаар Хятадын эрүүлийг хамгаалах салбарыг өндөр хөгжилтэй Хойд Америк, Баруун Европын стандартад хүргэх, дундаж наслалтыг уртасгах зорилгоор “Эрүүл байж хэвшье” хөтөлбөрийг засгийн газраас ньхэрэгжүүлж байгаа юм байна. 

Энэ бүх төсөл, хөтөлбөрүүд бол БНХАУ-ын ерөнхийлөгч Си Зинь Пиний “эрүүл мэндийг улсынхаа бодлого боловсруулах тогтолцооны төвд тавьсан” алхам гэдгийг ДЭМБ-аас онцолжээ. 2020 он гэхэд дасгал, хөдөлгөөн тогтмол хийхийг тэрбум гаруй хүний долоо хоног тутмын дадал, хэвшилд оруулахаар төлөвлөж буй “Үндэсний фитнесс хөтөлбөр, 2016-2020”-ийг Хятад улсын Их хурал өнгөрсөн онд баталсан байна. 

БНХАУ-ын Спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Лю Чин Синхуа агентлагт өгсөн ярилцлагадаа: “Фитнесс манай улсын эдийн засгийн тулгуур багана болох болно. Хэрэв бид тавьсан зорилгодоо хүрч чадвал эрүүл мэнд, фитнесст зарцуулах зардал 1.5 их наяд юань буюу 220 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна” хэмээн мэдэгджээ. 

Энэхүү хөгжиж буй фитнесс, эрүүл мэндийн зах зээлд нэвтрэхээр зэхэж буй тоглогчдын нэг бол дэлхий нийтийн сонирхлыг татаад байгаа дасгалын шинэ төрөл болох ZUU юм ZUU workout. Өндөр эрчимтэй бэлтгэл (High intensity interval training)-ийн шинэ тренд болсон энэхүү цогц дасгалуудыг Австралийн фитнесс дасгалжуулагч Натан Хелберганх гаргаж иржээ. 

ZUU-д баавгай мөлхөх, мэлхий харайх, илжиг шиг тийрэх гэх мэт түлхэх, татах, мушгирах, суух, зангирах гэх мэт амьтдын хийдэг хөдөлгөөнөөс санаа аван хүнд зориулсан дасгал хөдөлгөөнүүдийг боловсруулжээ. Мөн ушу, тай-чи зэрэг тулааны урлагийн хөдөлгөөнүүдийг гудамжны гимнастик спорт паркур, брэйк-дэнс, боксийн хөдөлгөөнтэй хослуулсан байна. 

Өмнө нь эдгээр цогц дасгалуудыг тусгай тоног төхөөрөмж байхгүй хээр газар дасгал сургуулилт хийхийн тулд ашигладаг байсан аж. Тухайлбал, Их Британийн Тэнгисийн болон Нисэхийн цэргийн хүчин, Автралийн цагдаагийн тусгай салаа, Английн рэгби баг, Австралийн хөл бөмбөгийн лигийн тамирчид бэлтгэлээ хийдэг элит төрлийн фитнесс сургуулилт байсан. 

ZUU-г одоо клиникийн сэтгэл судлаач болон эмч нар эмнэлэг, тусгай зориулалтын сургуулиудад нэлээд түгээмэл ашигладаг болсон нь энэхүү цогц дасгалуудыг хаа ч хийхэд тохиромжтой, энгийн, хүртээмжтэй байдалтай холбоотой хэмээн ZUU-г бүтээгч Натан Хелберг онцолжээ. 

“ZUU-ийн тусламжтайгаар зүгээр л нэг хэвлийн булчинтай болоод дуусах биш, харин бие биенээ тэврэн, сайн ажиллалаа шүү гэж хэлэхэд гол учир нь байгаа юм. Учир нь дасгал бүрийг хийхэд хүмүүс багаараа хамтран ажиллах хэрэгтэй болно. Нэг багт дэлхийн аварга, хөгжлийн бэрхшээлтэй хүн, турах хүсэлтэй эмэгтэй гэх зэрэг ямар ч хүмүүс байж болно, энэ тийм ч чухал биш. Бид бэлтгэл хийхдээ ганцхан биеийн хөдөлгөөн хийх бус сэтгэл санааг өөдрөг болгож, нийгмийн харилцааг өөрчлөх цогц дасгалыг хийдэг тул ямар ч нөхцөлд манай дасгал үр дүнгээ өгдөг” хэмээн Н.Хелберг хэлсэн аж. 

Натан дасгалжуулагч анх 2009 онд эдгээр цогц дасгалаа өөрөө хийж эхэлжээ. Түүний зорилго бол 30 кг жин хасаж, өөрөөсөө хамаагүй том биетэй ахтайгаа барилдаж дийлэх байв. Тэр олон арван ном уншиж, фитнессийн дэглэмүүд, тулааны урлагийн хөдөлгөөн зэргийг шаргуу судалсныхаа дараа ганц жилийн дотор л зорилгодоо хүрч чаджээ.

Дасгалын дараалал зохиож байхдаа тэрээр бүх спортын төрлүүд дахь хөдөлгөөнүүд уян хатан, хувирамтгай биш, хязгаарлагдмал байдгийг бүрэн утгаар нь ойлгосон гэнэ: “Бид яг л амьтдын адил хөдөлгөөн хийж чадна. Байгаль дээр байдаг хөдөлгөөнийг хийхэд бидэнд цаанаасаа л нэг амар байдаг... Гэхдээ би элит тамирчидтай ажиллаж байхдаа нэг зүйлийг анзаарч гайхсан. Тамирчдын хөдөлгөөн хязгаарлагдмал, тэдэнд эрх чөлөө дутагдаж байсан. Энэ бол зүгээр нэг сул тал биш, бэртэл гэмтэл авахад ойрхон байгааг илтгэх шинж тэмдэг гэдгийг ойлгосон юм.” 

ZUU БНХАУ дахь анхны бэлтгэлийн талбайгаа Шэньжэн хотод 7 сард нээсэн бөгөөд үүсгэн байгуулагч Натан Хелбергийн зохиосон хөнгөнөөс хүнд рүү шилжих 6 үе шаттай хөтөлбөр нь дэлхий дахиныг хамарсан тулааны урлаг шиг болж Хятадын хөгжиж буй зах зээлийн сул орон зайг эзэлж чадна гэдэгт тэр итгэлтэй байгаа гэнэ. 

Бэртлээс урьдчилан сэргийлэхэд суурилсан фитнесс хөтөлбөрийг дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй цэргийн хүчин, спортын багуудын дунд амжилттай хэрэгжүүлж ирсэн ба мөн адил амжилтыг Хятад улсад гаргана хэмээн тэрээр найдаж байгаа юм. ZUU хөтөлбөр Хятадад өнөө үед тулгамдаад байгаа ажлын байрны стрессээс салах, өөрийн мөн чанарыг ойлгох, турах, галбиржих хүсэл зэрэг олон асуудлуудыг шийдэх юм байна. Мөн энэхүү цогц дасгалууд нь Хятадын уламжлалт спорт, соёлын өвтэй шууд хамааралтай гэдгийг онцолжээ.

ZUU тулааны урлагтай адил уян налархай хөдөлгөөнүүдийн зэрэгцээ дотоод мөн чанараа ойлгох, харилцан бие биенээ хүндэтгэх соёл зэрэг Хятад улсад чухал гэж тооцогддог шинж чанарыг өөртөө агуулсан юм. Бусдыг манлайлах, сул дорой нэгэндээ туслах зан чанар, гэмтэл бэртлээс сэргийлж хэвших нь орчин үеийн Хятад улсад нэн шаардлагатай болоод байна. Эрүүл байх нь хөгжингүй нийгэмд маш чухал. 

Орчин цагийн Хятадын түүх Дэн Шиапингийн удирдлаган дор 1979-1997 оны хооронд бичигдэж, ДНБ нь жилд 10 орчим хувиар өссөн нь дэлхийн дунджаас гурав дахин их үзүүлэлт юм. 170 сая гаруй хүн ядуурлаас ангижирсан ба эргээд энэ үеийнхэн нь дэлхийд байгаагүй хамгийн том эдийн засгийг бүтээж байна. Тэдний дараагийн алхам бол бөмбөрцгийн хамгийн эрүүл үндэстэн болох. Энэхүү шинэ зорилтод хүрэхэд ZUU хамтран ажиллахаар шийдээд байна.