Хууль бусаар эмийн бүтээгдэхүүн борлуулж байсныг илрүүлсэн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэн н.Батцэцэгээс Хятад компанийн мэргэжлийн бус хүмүүс зөвшөөрөлгүй эм худалдаалж байна гэсэн гомдол мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хаяглан фэйсбүүк хуудсаар ирүүлжээ. Тус иргэний мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулахад БНХАУ-ын иргэн Бау Лин Шау гэгчийн компани нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар борлуулж байсныг тогтоосон байна.

Тус Хятад иргэний хууль бусаар борлуулж байсан 11 төрлийн, 7 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, өөрт нь гурван сая төгрөгийн торгууль оноожээ.

Мөн сүүлийн үед иргэд фэйсбүүкээр дамжуулан хууль бус эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авч буй зөрчил нэлээд гарч байна. Энэ нь буруутанг тогтооход хүндрэлтэй байдаг учир иргэд найдвартай эмийн сангуудаар үйлчлүүлж, эмийн худалдан авалт хийж байхыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.