Хятадын хэрэглэгчийн байгууллага Apple компани шинэ загварын утас гаргамагцаа хуучин загваруудаа албаар гацаадаг асуудалдаа хариу өгөхийг шаардлаа. Тэд энэ баасан гарагаас өмнө хариу өгөхийг хүссэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Шанхай дахь хэрэглэгчийн зөвлөлд хандсан хүмүүс iOS 10.2.1 хувилбарыг татаж суулгаснаас хойш утас нь гацах болсон гэх гомдол гаргасан аж. Үүний дагуу тус зөвлөлөөс хариулт өгөхийг шаарджээ. 

Apple компани руу даваа гарагт бичсэн захидалдаа тус зөвлөлөөс iPhone ийнхүү гацах болсон шалтгаан болон энэ асуудалд ямар арга хэмжээ авах талаар хариу өгөхийг хүссэн. 

Apple компани хуучирсан баттерейнээс болж iPhone утаснуудаа албаар гацаадаг нь тодорхой болсон. Энэ талаарх мэдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарч, удалгүй баттерей солих үйлчилгээ нь 79 доллараас 29 болж хямдарсан юм.

Сонирхуулахад, Шанхайн хэрэглэгчдийн зөвлөл төрийн бус байгууллага нь Засгийн газрын зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг. Тэдэнд 2015 онд Apple-ын бүтээгдэхүүнтэй холбоотой 964 гомдол ирсэн бол өнгөрсөн онд 2615 болж өсчээ.