ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид бичил чип болон програм хангамж хөгжүүлэгчдэд зориулж, татварын хөнгөлөлтийн таван жилийн хөтөлбөрийг баталжээ. Ийм хөтөлбөр хэрэгжүүлснээр АНУ-тай үүсээд буй худалдааны дайнд өртөж буй өндөр технологийн салбарынханд дэмжлэг болно гэж "Саут Чайна морнинг пост" сонинд мэдээлсэн байна.


Дурдсан салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд ирэх хоёрын жилийн хугацаанд орлогын албан татвараас чөлөөлөгдөх аж. Дараагийн гурван жилд татварын хувь хэмжээг 25 хувиас хоёр дахин бага буюу 12.5 хувь болгож бууруулна гэж Хятадын Сангийн яам мэдээлжээ.


“Хятадтай хийж буй АНУ-ын худалдааны дайны гол бай нь ”Huawei” компани болсны дараа Засгийн газар  дотоодын өндөр технологийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор шуурхай арга хэмжээ авч эхэллээ” гэж Шанхай хотын “Soochow Securities” пүүсийн шинжээч У Кань онцлон ярьсан байна.


Түүний хэлснээр, Хятад улс өнөөгийн нөхцөлд АНУ-аас хараат байдлаа багасгахын тулд бичил чип болон програм хангамжийг өргөн хэмжээнд хөгжүүлэх чиглэлд бооцоо тавихаас өөр арга байхгүй аж.


Хөрөнгө оруулагчид шинэ журмыг сайшаан хүлээн авсантай холбоотойгоор Хятадын өндөр технологийн компаниудын хувьцааны ханш өсжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг