Саяхан БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны дэргэдэх Мэдээллийн салбарын хөгжлийн төв (CCID) өмнө гаргасан крипто төслүүдийн эрэмбийг шинэчиллээ.  Уг төв дэлхий нийтийн чэйнтехнологийн үнэлгээний индексийг хоёр дахь удаагаа гаргаснаа 6-р сарын 20-нд Шанхай дахь шинжлэх ухааны ордонд албан ёсоор танилцуулжээ. 

 Анхны индексийг өнгөрсөн сард 28 криптотөслийн хувьд хийсэн бол энэ сард түүн дээр EOS ба Nebulas гэсэн 2 төслийг нэмж нийт 30 төслийн хувьд гаргажээ.
CCID-ийн мэдээлсэнээр өмнөх сартай харьцуулахад үнэлгээ хийх аргачлалд зарим өөрчлөлтүүдийг оруулж үнэлгээний бүтцийг анхныхтай харьцуулахад оновчтой болгосон байна. Тухайлбал төслийн аюулгүй байдалд өгөх алгоритмыг сайжруулсаны дээр нийтийн сүлжээний компьютерүүдийг ашиглахад хялбар байдлын үнэлгээний үзүүлэлтийг нэмсэн байна. 

Гэхдээ технологид өгөх үнэлгээний суурь загварт өөрчлөлт ороогүй байна. Төслүүдийг эрэмбэлэхэд ашигласан гурван шалгуур үзүүлэлтүүд болох технологийн суурь түвшин, хэрэглээний ач холбогдол, инновацийн түвшинг хэвээр үлдсэн байна. Харин криптовалютын бэлэн мөнгөнд хөрвөх чадвар, хэмжээ, зохицсон байдал, үнэ гэх мэт ердийн хүчин зүйлсүүдийг үнэлгээнд ашигласан эсэхээ огт дурдаагүй байна. 

Өмнөх үнэлгээнд ороогүй үлдсэн байсан EOS энэ удаад жагсаалтын хамгийн эхэнд 161,5 оноогоор эрэмбэлэгдсэн бол өмнөх үнэлгээгээр эхэнд байсан Ethereum 138,4 оноогоор хоёрдугаарт оржээ. Харин Bitcoin 13-р байрнаас 17-д /91,4 оноо/ ухарч орсон байна.

Эх сурвалж: Крипто доогтэр