Хятад улс хотуудыг шөнө гэрэлтүүлэхэд туслах “хиймэл сар” буюу ойлгогч бүхий хиймэл дагуулыг 2020 он гэхэд тойрог замд оруулахаар зэхэж байгаа тухай тус улсын Шинжлэх ухааны шинэ салбаруудын нийгэмлэгийн дарга У Чуньфэн “China Daily” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Хиймэл сар”-ыг Сычуань мужийн Сичан сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд уг хиймэл дагуулыг Чэнду хотын дээр байхаар тойрог замд байрлуулах аж. Хэрэв эхний хөөргөлт амжилттай болж тойрог замд оруулж чадвал 2022 он гэхэд дахин гурван ийм обьектыг тойрог замд оруулна.

“Хиймэл сар” нь нарны гэрлийг сарны гэрэлтэй адил дэлхийд тусгах чадалтай тусгай бүрхүүлтэй байх аж. Өөрөөр хэлбэл, уг хиймэл дагуул шөнө сарны гэрэлд нэмэр болох ёстой, гэхдээ жинхэнэ сарныхаас найм дахин тод гэрэл цацарна гэж үзэж байна. Эрдэмтний хэлснээр, хиймэл дагуулыг дэлхийн гадаргуугаас 500 орчим км-ын өндөрт тойрог замд оруулахаар төлөвлөж байгаа нь ийм хурц гэрэл гарахад нөлөөлөх аж. Харин манай гарагийн дагуул сар нь дэлхийгээс 384 мянган км-ын зайтай оршдог билээ.

Гэхдээ хиймэл дагуулаас цацрах гэрэл нь шөнийн тэнгэрийг гэрэлтүүлэхэд ялгаагүй л хангалтгүй байх бөгөөд хүний хувьд хиймэл дагуулын гэрэлтүүлэг нь гудамжны энгийн гэрэлтүүлгээс ойролцоогоор тав дахин бүдэг байж магадгүй байна. Хиймэл дагуулын байрлалыг болон гэрлийнх нь хурц тодыг нь удирдах боломжтой ба хэрэв шаардлагатай үед толийг бүрэн дэлгэж болох аж. “Хиймэл сар” нь жинхэнэтэйгээ адил дутагдалтай. Жишээ нь бүрхэг өдөр дэлхийн гадаргууд тийм ч тод тусахгүй байна.

“Хиймэл сар” нь хотын зарим дүүргүүдэд гудамжны гэрэлтүүлгийг орлож болох бөгөөд ингэснээрээ эрчим хүч хэмнэнэ. Эрдэмтний хэлснээр хэрэв хиймэл дагуул 50 хавтгай дөрвөлжин км талбайг гэрэлтүүлнэ гэж тооцвол Чэнду хот цахилгаан эрчим хүчинд жилд  бараг 1,2 тэрбум юань /174 сая ам.доллар/ хэмнэх боломжтой байна. Үүнээс гадна, гэрэл цахилгаан тасарсан гамшгийн бүсийг гэрэлтүүлэхэд уг хиймэл дагуулыг ашиглах боломжтой нь эрэх-аврах ажиллагаа явуулахад ихээхэн тус дэм болно. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг