БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНХАУ-д хийж буй айлчлал нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайван тогтоох үйл явцад эерэгээр нөлөөлнө гэж найдаж байгаагаа БНСУ илэрхийлжээ. Энэ тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг иш татан мэдээлэв.  

“Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад хүчин чармайлт тавихын сацуу хоёр Солонгос хийгээд бусад улстай дипломат арга хэмжээ явуулахад БНСУ дэмжлэг үзүүлсээр байх болно” гэж тэрбээр хэлсэн байна.  

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль болон Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарын хамтаар БНХАУ-д айлчилж байгаа тухай өмнө нь мэдээлсэн юм. Ким Жөн Уны айлчлал энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм. Энэ удаагийн айлчлал нь түүний өнгөрсөн оны хавраас хойш Хятад улсад хийж буй 4 дэх удаагийн айлчлал юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС